Эрүүл шүд аяны хүрээнд салбар салбарын төлөөллүүд мэдээлэл өгч, судалгааны үр дүнг танилцууллаа. Мэдээллийн үеэр нутаг, нутгийн усны бүтцэд тохирсон шүдний оог хөгжүүлж монголчуудад түгээхийн ач холбогдлыг онцлов. Монгол орны бүс нутгийн хөрс, усны бүтцэд тохирсон шүдний оог судалгааны үндсэн дээр хөгжүүлснээр шүдний цоорлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн юм.
Судалгаанаас онцолбол, хүний биед агуулагдах нийт фторын 99 хувь нь шүд болон ясанд агуулагддаг. Бид фторыг өдөр тутамдаа хоол хүнснээс гадна ундны уснаас авдаг. Хоолноос авч буй фторын 36 хувь нь, ундны уснаас авч буй фторын 64 хувь нь хүний биед илүү шингэдэг.
Улаанбаатарт худалдаж буй 70 нэр төрлийн шүдний оог судлахад 52.9 хувийг эмчилгээний, 27.1 хувийг ахуйн хэрэглээний шүдний оо эзэлж байгаа аж.
Монгол орны нийт аймгийн 47 хувийнх нь усны фторын агууламж бага байна. Ундны усны эрүүл ахуйн стандарт шаардлагад усанд агуулагдах фторын хэмжээг 0.7-1.5 мг/л байхаар заасан байдаг.
Тэгвэл Хангайн бүсийн ундны усан дахь фторын хэмжээ энэ стандартаас доогуур байгаа аж.
Энэ мэтчилэн бүс нутгуудын ундны усны бүтэц өөр байгаа учир монгол хүний онцлог, бүс нутгийн ундны усанд тохирсон шүдний оог хөгжүүлснээр шүд цоорох өвчлөлтэй тэмцэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн амны хөндийн арчилгааг сайтар хийж, өөрөө үлгэрлэж байхыг шүдний эмчийн зүгээс уриалсан. Шүдээ гурван минутын турш угааж дуусаад хэлээрээ бүх шүдээ гүйлгээд үзэхэд гөлгөр байвал үр дүнтэй угаасан гэж ойлгож болно гэлээ.
Шүд цооролт нь бусад олон өвчний суурь болдог гэдгийг мэргэжлийн эмч нар хэлсээр байдаг.
0 cэтгэгдэлтэй