Үндсэн хуулийн гацаанаас гарчихлаа. Одоо эдийн засгийн гацаанаас гаргачих Ерөнхий сайд аа

2022-08-28 5742 2

 

Сайн байна уу Ерөнхий сайдаа. Монголын боловсролын салбарт гуч орчим жил ажиллаж 14,000 гаруй шавь бэлтгээд тэтгэвэртээ суусан өвгөн багш миний бие танд нээлттэй захидлаар хандаж байна. Олон жил нийгмийн идэвхтэй амьдарсан иргэн хүн нэг л өдөр гэртээ сууж үр ачаа харж баясах нь энэ насны жаргал ч гэсэн улс оронд өрнөж үйл явдлын талаар мэдээ авч, санал болдлоо илэрхийлмээр санагдах юм. Ингээд эрхэм дүү, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд саналаа ил захидал хэлбэрээр хүргэж байна.  Настай, завтай хүн илүү үглэж эрээн цаас эрээчсэн бол уучилна биз ээ. Иргэн хүний үг гээд авахыг нь аваад хаяхыг нь хаяна биз ээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас парламент энэ удаад ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ердөө хоёрхон цагийн дотор хэлэлцэн батлав. Ингэснээр үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр нь улс төрийн гацаа үүсгэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар дэнжгэнэж эхэллээ гэсэн улс төрийн цуурхал унтрав.

Харин ч улс төрийн зарим нэг бүлэг фракцынхны тооцож байснаас энэ гацаанаас хурдан гарлаа. Бушуухан давхар дээлтэй сайд болохыг хүсэж мөрөөдөж, шаардаж байсан олон гишүүдийн “улс төрийн шунал” ч хурдан бүтэхэд нөлөөлсөн. Гээд сошл ертөнц дэх хар шар хэвлэлүүдийн мэдээг харахад ихэнх гишүүдийн сайд болох мөрөөдөл нь талаар болж ууртай яваа л сурагтай. Тэд нэг зүйлд тайвшрах хэрэгтэй нь өөрсдийнх нь шунал энэ улс орныг үндсэн хуулийн гацаанаас гаргаж үндэстнээрээ намрын бэлтгэлд гарах, дүн өвлийн хүйтнээс өмнө амжиж хадлан тариа, өвлийн хүнс, ашигт малтмалын экспортоо нэмж валютын нөөцөө өсгөснөөр төгрөгийн ханшаа нээх боломж дээр бодитой шуурхай тусалж чадсан байна шүү дээ. Юмс яаж ч муудсан гэсэн сайн тал уруугаа явж байдаг гэсэн эрэлхэг цэрэг Швекийн үгийг тэдэндээ даймаар санагдлаа.

Одоо харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай Засгийн Газраа шинээр байгуулж эдийн засгийн гацаанаас гаргах нь ард түмний амьдралд нэн шаардлагатай байна.Үндсэн хуулийн гацаанаас гарчихлаа. Одоо Эдийн Засгийн гацаанаас бид гарах хэрэгтэй байна. Хил гаалиа нээсэн дээр мега төслүүдээ явуулж, мал махаа зарж иргэдээ, компаниудаа орлоготой болгомоор байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол, худалдаа наймаа бусад улс оронтой хийхгүй бол хөгжихгүй, мөнгөгүй байна гэдгээ манай ард түмэн ойлгох цаг болсон. Гагцхүү учрыг ард иргэдэд ойлгуулж, дэмжүүлэх ажил ер хийгдэж харагдсангүй. Залуу ерөнхий сайд зоригтой хөдөлж байж л энэ гацаанаас гарна шүү. Эрх мэдэлтэй байхдаа хийгээгүй хэргийн төлөө удирдагч харамсдаг бол тамиртай байхдаа бүтээгээгүй мөрөөдлийнхөө төлөө хөгшин хүн харамсдаг гэдэг. Намар боллоо. Эдийн засгийн гацаанаас гарах цаг Ерөнхий сайдаа.

Өвгөн багш С.Гаадан

 

 

Холбоотой мэдээ