Бүгд Найрамдах Солонгос Улсад манай иргэд ажиллаж амьдрах цаашлаад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор харилцан зорчих иргэдийн тоо тасралтгүй өсөж байгаа. Тиймээс Солонгос улстай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан хийхээр ажиллаж байгаа. Хэлэлцээр ямар шатандаа явж буй талаар тодрууллаа.
–Манай улсаас БНСУ-д оршин суух болон зорчиж буй иргэдийн тоо нэг аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний олон байгаа. Тэгвэл тэдэнд тулгамддаг нэг асуудал нь жолооны үнэмлэх байдаг. Таны хувьд Монгол болон Солонгос улс хоёр талдаа жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх хэлэлцээрийг хариуцан ажиллаж байна. Хэлэлцээр ямар шатандаа явж байна?
–Өнөөдрийн байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй 60 гаруй мянган монгол иргэн байна. Үүний 1400 орчим нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдаг бөгөөд дийлэнх нь зам тээврийн осол, жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байгаа юм. Би өнгөрсөн тавдугаар сард ажлын айлчлалаар БНСУ-д айлчлах үеэрээ Хууль зүйн сайдтай нь хэд асуудлыг хэлэлцсэн. Түүний нэг нь хоёр улс жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудал байсан. Өөрөөр хэлбэл, БНСУ-тай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, зөвшилцөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг танилцуулж батлуулсан.
–Хэлэлцээрт гарын үсэг зурах явц БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийгдэнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлал маргааш эхэлнэ. Энэ үеэр гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэснээр нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д байгаа Монгол Улсын иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээрээ шууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болно. Харин нэг жилээс дээш хугацаагаар тухайн улсад амьдарч байгаа иргэд жолооны үнэмлэхээ Солонгос улсын жолооны үнэмлэхээр шууд сольж авах боломжтой болох юм. Мөн Солонгосын цагаачлалын албатай манай улсын гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүй дотоод хэргийн яам харилцан санал солилцож, аяллаар болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бол визгүй байхаар яриа хэлэлцээр хийж байна. Ингэснээр зорчих, аялах асуудал хөнгөлөгдөх боломжтой болж байгаа.


0 cэтгэгдэлтэй