Б.Пүрэвдагва: Үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес, үйлчилгээ эрхлэгчдэд нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтална

2026-06-09 51 0

Хотын дарга өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож, гарц шийдлээ ярилцлаа. Улаанбаатар хотын  эдийн засагт гарааны бизнес, технологи, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнесүүд маш чухал. Бидний зорилго бол тэднийг “жижиг бизнес” гэж харах биш, хотын эдийн засгийн шинэ хөдөлгүүр гэж харж, хамтарч ажиллана хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.

Мөн хүндрэл, чирэгдэл учруулж, ямар нэгэн байдлаар авлига, хээл хахууль шаардаж байгаа үйлдлүүд дээр шүгэл үлээхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа. Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал нь Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллахааа зарлалаа. Зөвшөөрөл, хяналт шалгалт, хүнд суртал, төрийн үйлчилгээний олон шат дамжлага, бизнес эрхлэгчдэд бодит дарамт, стресс болж байгааг хотын дарга онцлоод  нийслэл төрийн үйлчилгээнд хүний оролцоог багасгах, технологийн шийдлүүдэд тулгуурласан процессын дахин инженерчлэл хийнэ гэж мэдэгдэж байна.

“Шинэ үеийн Улаанбаатар”-ыг бий болгоход бизнес эрхлэгч, ажил олгогчид, татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг хэлээд, шинэ үеийн Улаанбаатар нь хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон байгууламжтай, амьжиргааны өртөгт нийцсэн, амьдралын чанарт тулгуурласан, ухаалаг хот байх ёстой. “Шинэ үеийн Улаанбаатар”-ын төлөө хамтдаа олон төсөл, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж, хамтран ажиллана гэж  хотын дарга мэдэгдлээ. Цаашид жижиг дунд бизнес эрхлэгчид, худалдаа үйлчилгээ, барилга, аялал жуулчлал гэх мэт бизнесийн салбар тус бүртэй цуврал уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм.

Холбоотой мэдээ