Завхан аймгийн Баянхайрханы нутагт ихэвчлэн янгирын дүрстэй хадны зургууд бий

2025-04-25 47 0

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт хүрэл зэвсгийн үеийн хадны зургууд бий.

Баянхайрхан сумын төвөөс хойш 50 км орчимд хойш сунаж тогтсон намхан уулыг Талын Ухаа гэнэ. Энэ уулын хойд үзүүр ац мэт хоёр жижиг хадтай хамар болж төгсдөг. Түүний баруун талын налуугийн хаданд эртний хүмүүс хэдэн арван янгир болон бусад дүрсийг өнгөц хонхойлон цохиж сийлсэн байдаг.

Нэг хаданд нь огтлолцсон хоёр шулуунаас бүрдсэн тэмдэг, гурван янгирын дөрвийг баруун тийш, хоёрыг зүүн тийш харуулан сийлэхдээ нэг янгирын эврийг махир, биеэс нь бараг хоёр дахин том дүрсэлжээ.

Өөр нэг хаданд нь бие биеийн араас цуварч яваа дөрвөн янгирын эхний хоёрыг хөөцөлдөж буйгаар, тэгэхдээ хоёр дахь янгирын эр хүйсийг цохон харуулжээ.

Хадны зургууд нь ихэвчлэн янгирын дүрстэй байх агаад урагш хулмайсан том чихтэй, их урт сүүлтэй, биеэсээ хоёр дахин том, чоно, бас үнэг мэт амьтан, ганц босоо эвэртэй гөрөөс гэмээр амьтдын дүрс зураглалууд ч бас бий. Он цагийн хувьд эдгээр зураг нь хүрэл зэвсгийн үе буюу  Х.Т.Ө III-I мянган жилд холбогдох дурсгалууд юм.

Баянхайрхан суманд орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтын зэрэгт байх соёлын үл хөдлөх дурсгалууд олон бий.

Алтан булгийн хүн чулуун хөшөөд, Агьтын өврийн буган чулуун хөшөө, хиргисүүр, Байшинтын өврийн хадны зураг, Баянтохойн хүн чулуун хөшөөд, Дунд улаан булгийн хүн чулуун хөшөө, Мод толгойн шилийн хиргисүүр гэхчлэн түүхийн үл хөдлөх дурсгалууд бий. Мөн Навтгар боомын хиргисүүр, Соёотын хүн чулуун хөшөө, Урт булгийн дөрөлжийн хүн чулуун хөшөө, Хужиртын хиргисүүр, Цагаан нуурын тахилын онгон гэхчлэн эрдэмтэн судлаачдын олж нээсэн соёлын үл хөдлөх дурсгалууд байна.

Аливаа соёлын өв, тэр дундаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал бол тухайн улс орны соёлын түвшнийг илэрхийлэх том үзүүлэлт болж тусгаар тогтнолын баталгааны нэг гол баримт болдог. Тиймээс хөдөө хээр оршин буй бүх төрлийн үл хөдлөх дурсгалаа хайрлан хамгаалах. Залуу хойч үедээ мэдүүлж таниулах, тэдэнд өвлүүлэн хамгаалах нь чухал юм гэж Баянхайрхан сумын Соёлын төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ