Монголын худалдаачдын холбооноос ТҮЦ эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээлэл хийлээ.
Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Батболд “2015 оноос хойш түц ачна, хураана гэсэн зүйл яригдсан. 2022 онд батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд ТҮЦ-ийн төрөл ангиллыг тусад нь ангилж заасан байгаа.
2022 оноос хойш дүүргүүд ТҮЦ-д зөвшөөрөл олгоогүй. Төрийн байгууллагууд ажлаа хийгээгүй байж ТҮЦ эрхлэгчид өөрсдөө зөвшөөрөлгүй ажиллаад байсан юм шиг ярилаа.
Зөөврийн байгууламж нүүлгэх тухай асуудал байхад дотор нь байгаа эд хөрөнгийг эвдлэн сүйтгээд байна. Бид хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр ХЭҮК-т шаардлага хүргүүлнэ. ТҮЦ цаг үеэ өнгөрөөсөн гэнэ. Ашиг орлоготой байгаа учраас одоо ч ажиллаж байна. Замбараагүй олон болсон нь үнэн. Үүнийг эмхэлж цэгцлэх нь ч зөв. Гэхдээ хуулийн дагуу хийх ёстой” гэв.
Мөн ТҮЦ эрхлэгчдийн зүгээс худалдааны салбарт хөдөлмөр эрхэлснийхээ төлөө ялгаварлан гадуурхагдаж байна гэдгийг хэлж байв. Цагдаа нар ТҮЦ-ийг нурааж буулгахдаа иргэдийн биед халдаж, хүний эрх зөрчсөнийг ч дурдав.
Тэдний төлөөлөл “Согтуу хүмүүс ирээд бие засаад явахад бид өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэдэг. Бид тэнэг хүмүүс биш. Өөрсдийнхөө төлөө хичээдэг. Бидний нийгмийн байдлыг бүү дордуул. Хөдөлмөрөөс халамж руу бүү шилжүүл. Бид халамж авахыг хүсэхгүй байна” гэсэн юм.
Түүнчлэн урьдчилсан байдлаар 200 гаруй ТҮЦ эрхлэгчээс судалгаа авахад 30 гаруй тэрбумын зээлтэй байна гэв. Иймд өрийг нь хэн хариуцах вэ гэдэг асуултыг тэд тавьж байна.
0 cэтгэгдэлтэй