Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа

2024-10-04 90 0

“Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

сонин mn

Тэрбээр, Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн гэдгийг онцоллоо. Алба хаагчид цэргийн сүр жавхааг улам өндөрт өргөж, төрийн цэргийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид Төрийн хүндэт харуулын нэр төр, ур чадвар, хувцас хэрэглэл, ахуй хангамж өндөр түвшинд байж, энэ албанд залуучууд тогтвортой алба хаах, өсөн дэвжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

сонин mn

сонин mn

Алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, хүндэт харуулын сургалт бэлтгэл, ахуй хангалтыг олон улсын жишигт хүргэх, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо. Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дараа Нийслэл хүрээний цэргийн комендантаас Улаанбаатар хотын комендант болсон нь 032 дугаар ангийн түүхэн замналын эхлэл юм.

сонин mn

Тус анги цэргийн ёс журам сахиулах, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гүйцэтгэх, Төрийн их сүлд шүтээнийг сахин хамгаалах үүргээ нэгэн зууны турш нэр төртэй гүйцэтгэж байна. Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхтэй явуулж, гадаадын өндөр, дээд түвшний айлчлал эрс нэмэгдэж байна. Энэ онд гэхэд л Төрийн хүндэт харуул долоон улсын төрийн тэргүүн, 12 улсын Элчин сайдыг хүлээн авч, 200 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өсжээ. Тус анги өнгөрсөн хугацаанд 5,900 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүргийг өндөр түвшинд гүйцэтгэж байна.

сонин mn

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус ангид ажиллах үеэрээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь сайшааж, тус ангийн алба хаагчдын ажлын орчныг сайжруулахад зориулан “Ахуйн үйлчилгээний төв” байгуулах төсөл хэрэгжүүлэх болсныг батламжлав.

сонин mn

Холбоотой мэдээ