Татварын тухай брайль бичгийн гарын авлага гарлаа

2023-02-12 141 0

Татварын албанаас үзүүлж байгаа үйлчилгээ, сурталчилгааны чанар, хүртээмж, татвар төлөгчдөд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг дээшлүүлэх ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль бичгээр “Татвар төлөгчийн бүртгэл” “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн гарын авлагыг Азийн Хөгжлийн Банкны “Төрийн салбарын удирдлагын үр дүнг дээшлүүлэх дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн хүрээнд хэвлэн гаргалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасны дагуу харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, татварын талаар мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөлийг дэмжсэн үйл ажиллагаа боллоо.
2021 оны статистик мэдээгээр Монгол улсад нийт 106,169  хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас Харааны бэрхшээлтэй 11,695 иргэн байна.

Татварын алба төрийн байгууллагуудаас анх удаа харааны бэрхшээлтэй иргэдэд татварын тухай мэдээллийг саадгүй, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж, татварын 3 төрлийн гарын авлагыг англи, монгол хэлээр брайль бичгээр хэвлүүлсэн. Тус гарын авлагыг харааны бэрхшээлтэй ерөнхий боловсролын тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, иргэдэд зориулан энгийн ойлгомжтой байдлаар боловсруулжээ.

Гарын авлагын дээжийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 16-нд Татварын ерөнхий газарт зохион байгуулж, ТЕГ-ын дэд дарга А.Энхболд, Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюунбат, Ерөнхий боловсролын тусгай 116 дугаар сургуулийн захирал Э.Нүрзэд нарт хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ