Талибаны дэглэм Афганистанд намуу цэцэг тариалахыг хориглосны улмаас тус улсын фермерүүд $1 тэрбум гаруйн орлогоо алдсан байна.
Ням гарагт нийтлэгдсэн НҮБ-ын хар тамхины агентлагийн тайланд энэ баримтыг дурджээ.
Талибанчууд 2021 оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхийг авсан юм. Тухайн үед Афганистан нь дэлхийн хамгийн том намуу цэцэг тариалагч, Ази, Европын героины түүхий эдийн гол нийлүүлэгч байжээ.
Талибаны захиргаа 2022 оны дөрөвдүгээр сард намуу цэцэг тариалахыг албан ёсоор хориглож байв. Энэ хориг намуу цэцгийн тариалалтаас амьжиргаагаа залгуулдаг олон зуун мянган афганчуудад хүнд цохилт болсон юм.
НҮБ-ын Хар тамхи, Гэмт хэргийн байгууллагын тайланд хориг зарласнаас хойш Афганистаны тариалалтын хэмжээ 95 хувиар буурсныг мэдээлжээ.
Хоригоос өмнө намуу цэцгийн тариалан Афганистаны дотоодын нийт бүтээгдэхүүний 9-14 хувийг бүрдүүлдэг байсан юм.
Талибаны дэглэм тогтсоноос хойш олон улсын байгууллагууд тус улсад үзүүлдэг зээл тусламжаа зогсоосон. Үүнээс гадна хар тамхины салбарыг хориглосон нь Афганистаны эдийн засгийг улам хүндрүүлэх төлөвтэй байна.
Хар тамхины салбараас олдог орлого нь хаагдсан хүмүүс амьдрахын тулд өөр салбарт шилжсэнээр зэвсгийн наймаа, хүний наймаа зэрэг бусад төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж болзошгүйг НҮБ тайландаа анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press
0 cэтгэгдэлтэй