Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Тайландын Бангкок хотноо болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аваргад 29 орны эрэгтэй 165, эмэгтэй 124 гээд нийт 289 жүдоч өрсөлдөв.
Монгол Улсын тухайд эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчнаа сойсон. Үүнээс эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -63 кг-д Л.Энхрийлэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.
Л.Энхрийлэн дээд жиндээ барилдаж, мөнгөн медаль хүртсэн нь онцлох амжилт байлаа.
Медалийнхаа чансаагаар Монголын тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байрт жагсчээ. Харин Япон улс найман алт, гурван хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Өмнөд Солонгос, Хятад, Бахрайн удаалсан аж.
Монголын баг тамирчдын бүрэлдэхүүний тухайд залуучууд олноор байгаа харагдав. Хамгийн ахмад нь Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг зэрэг дөнгөж 30 гарсан, дөхсөн тамирчид байлаа.
0 cэтгэгдэлтэй