Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаж байна. Түүнийг давуу эрхээ ашиглан хуучин хүргэнээ агаарын тээврийн компанид ажилд оруулсан гэж буруутгасан юм. Хүргэн хүүг ажилд орсны дараах хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны долдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд “Eastar Jet” компани түүнд 220 сая вон өгчээ. Үүнд цалин болон Тайландад шилжин ажиллах зардал багтсан байна. Энэ мөнгө нь Мүн Жэ Инд өгч буй шууд бус авлига байсан гэж прокурорууд үзэж байна.
Сөүлд төвтэй “Шударга хүмүүс” иргэний бүлэг анх 2021 оны арванхоёрдугаар сард Мүн Жэ Ин болон түүний хуучин хүргэн Сео, хууль тогтоогч асан Ли Сан Жик нартай холбоотой гомдол гаргасан. Ли Сан Жик нь “Eastar Jet”-ийн үүсгэн байгуулагч юм.
Хүргэн Сео агаарын тээврийн салбарын туршлага дутмаг ч гэлээ Тайланд дахь “Eastar Jet”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг прокурорууд батлав. Энэ хугацаандаа Сео ихэвчлэн Өмнөд Солонгосоос буюу алсаас ажилладаг байжээ. Мөн сард найман сая воны цалин авдаг байсан нь тогтсон хэмжээнээс хоёр дахин их аж.
Мүн Жэ Ин тухайн үед охиныхоо гэр бүлийн амьжиргааны зардалд зориулж мөнгө өгдөг байсан. Гэсэн ч хүргэнээ ажилд орсны дараа мөнгө өгөхөө больсон аж. Агаарын тээврийн компаниас хүргэнд өгч буй мөнгө Мүн Жэ Инд очиж байсан гэж прокурорууд үзжээ.
Дашрамд дурдахад, Мүн Жэ Иний охин Мүн Да Хэ нөхөр Сеогоос 2021 онд салсан байна.
0 cэтгэгдэлтэй