Тун удахгүй сансарт лабораторийн аргаар стэйк, төмсний нухаш, амттан зэргийг үйлдвэрлэх боломжтой болж магадгүй.
Тодруулбал Европын сансрын агентлаг сансарт лабораторийн аргаар хоол хүнс үйлдвэрлэх боломжийг судалж буй юм. Энэ хүрээнд туршилт хийх анхны хөлгийг сансарт хөөргөжээ.
Төслийн багийнхан энэ туршилт нь ойрын хоёр жилийн дотор Олон улсын сансрын станц дээр жижиг хэмжээний хоол үйлдвэрлэх анхны туршилтын станц байгуулах эхлэл болно гэж үзэж байна.
Тэдний гол зорилго нь сансрын нисгэгчдэд зарцуулдаг хүнсний зардлыг бууруулах юм. Нэг нисгэгчийн хоолонд өдөрт дунджаар 270 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий.
Энэ технологи нь уураг, өөх тос, нүүрс ус зэргийг лабораторид үйлдвэрлэж, жинхэнэ хоол шиг амт оруулах замаар боловсруулах юм байна.
НАСА болон бусад сансрын агентлагууд, хувийн хэвшлийнхэн сар болон сансрын тойрог замд нисгэгчдийг урт хугацаанд байрлуулж, олон туршилт, судалгаа хийхээр төлөвлөж буй.
Харин тэдэнд өдөр бүр хоол хүнс илгээх нь асуудалтай бөгөөд хамгийн тохиромжтой арга зам нь сансарт хоол үйлдвэрлэх лабораторийг байгуулах гэдгийг төслийн багийнхан онцолжээ.
Одоогоор АНУ болон Сингапурт лабораторид үйлдвэрлэсэн тахианы мах худалдаанд гарсан бол Их Британи болон Израилд лабораторийн аргаар гаргаж авсан стэйкт албан ёсны зөвшөөрөл авахаар хүлээж байна.
0 cэтгэгдэлтэй