Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дөрөв, тавдугаар сард Д.Сүхбаатарын талбайд олон төрлийн өдөрлөг, эвент зохион байгуулахаар төлөвлөсөн.
Түүний эхлэл нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн хоолны фестиваль байлаа. Талбайн урд захад барьсан нийслэлийн хамгийн том асарт зохион байгуулж буй дараагийн үйл ажиллагаа нь Монголын шилдэг циркийн хамтлагуудын тоглолт болж байна. Тодруулбал, Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд чуулж байгаа юм. Төв талбайд анх удаа чуулсан циркчид циркийн урлагт хайртай ард түмэндээ үнэ төлбөргүйгээр шилдэг номеруудаа үзүүлж буйгаараа онцлогтой.
Энэхүү тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнээс гранпри, алт, мөнгө, хүрэл цомын эзэн болсон 12 хамтлагийн 270 орчим уран бүтээлч оролцож байна. Долоо хоногийн хугацаанд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглоно. Монголчууд эртнээс циркийн урлагт хайртай, дуртай байсан. Тиймээс циркийг “Гэр бүлийн урлаг” хэмээн тодотгосон байдаг.
Өнгөрсөн долоо хоногоос “Степп Арена”-д дэлхийн шилдэг циркчид тоглож, монголчуудын цангааг тайлж эхэлсэн. Тэгвэл тэдэнтэй зэрэгцэн Монголын циркийн шилдгүүд төв талбайд үзэгч, хүүхэд багачууддаа сонин содон, шилдэг үзүүлбэрээр бэлэг барьж байна. Сургуультай тэмээ, морьтны үзүүлбэр, 47 дахь удаагийн Монте Карлогийн наадмын “New Generation” ангилалд алтан цом хүртсэн бяцхан нугараачид, циркийн сургуулийн жонглёрчид, дээсээр наадагчид гэх мэт Монголын циркт хэзээнээс танил болсон номеруудыг олон жилийн дараа хүүхэд багачууд дэргэдээс нь үзэж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй