Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад ашиглалтад орно

2025-04-16 43 0

Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу хотод ирэх зургадугаар сард дэлхийн хамгийн өндөр гүүрийг нээх гэж байна. Энэхүү гүүр нь дэд бүтцэд төвлөрсөн Хятадын хувьд инженерчлэлийн хамгийн сүүлийн үеийн амжилт болно. Гуйжоу муж нь уулархаг, нарийн төвөгтэй газар зүйн бүтэцтэй. Тиймдээ ч тус гүүр нь “дэлхийн хагарал” гэж нэрлэгддэг алдарт Хуажян их хавцлыг дайран өнгөрдөг.

Хуажян их хавцлын гүүр нь голын түвшнээс дээш 625 метрт байрладаг бөгөөд 2890 метр урт үргэлжилнэ. Хийцийн хувьд ган төмөр. Нийт ган төмрийн хэмжээ нь 22 мянган тонн буюу гурван Эйфелийн цамхагтай тэнцэнэ.

Одоогоор дэлхийн хамгийн өндөр гүүр гэсэн амжилтыг Францын Миллау Виадукт гүүр эзэмшдэг бөгөөд 337 метр өндөр.

Хятад улс орон даяар дэд бүтцээ сайжруулах ажлыг өрнүүлж буй. Ялангуяа Шэньжэнь хотоос баруун зүгт орших Гуйжоу зэрэг харьцангуй хөгжил багатай, уулархаг бүс нутгуудыг онцгойлон анхаарч байна.

Гүүр ашиглалтад орсноор зүгээр нэг дээд амжилт эвдээд зогсохгүй тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх зам илүү хялбар болно. Тодруулбал, гүүр ашиглалтад орсноор Хуажян их хавцлаар аялах хугацаа хоёр цаг байсан нь ердөө нэг минут болж буурна.

Гүүрний барилгын ажил 2022 оны нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд 2025 оны зургадугаар сарын 30-нд дуусах төлөвтэй байна. Одоогоор гүүрний ажлын явц 95 хувьтай байгааг Гуйжоу хурдны замын группын ерөнхий инженер Жан Шэнлин хэлжээ.

Сонирхуулахад, одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний бараг тал нь Гуйжоу хотод байдаг.

Холбоотой мэдээ