Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна

2025-04-16 57 0

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.

Түүний айлчлал холбооны гишүүнчлэлийн шалгуурыг зөрчинө гэдгийг Европын албаны хэд хэдэн төлөөлөл онцлов.

Тухайлбал, Эстонийн Гадаад хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Жонатан Всевиов “Зарим шийдвэр төлөөстэй байдаг гэдгийг тэд ойлгоосой гэж хүсч байна. Тэр төлөөс нь Европын холбоонд элсэх боломжгүй болох явдал юм. ОХУ энэ арга хэмжээндээ хүмүүсийг оролцуулах гээд хичээж байна. Бидний хувьд энэ бол дүгнэлт гаргах чухал мөч. Үндсэндээ бид хүмүүсийг манай талд уу, нөгөө талд уу гэдгийг харж байна” гэсэн юм.

Харин холбооны топ дипломатч Кажа Каллас “Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Москвад болох ёслолд оролцох ирээдүйн гишүүн орнуудын талаар ярилцсан. ОХУ Европт өргөн цар хүрээтэй дайн хийж байна гэж үзэх юм бол тавдугаар сарын 9-ний арга хэмжээнд ямар нэг байдлаар оролцсон улсыг Европын холбоо хөнгөн хуумгай авч үзэхгүй гэдгийг маш тодорхой зөвшилцсөн” гэжээ.

Цаашилбал, тэрбээр холбооны гишүүн орнуудыг Ялалтын парадад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Холбооны гишүүн Словак улс Оростой ойр харилцаатай учир Ялалтын парадын урилга хүлээж аваад буй. Тус улсын ерөнхий сайд Роберт Фико парадад оролцоно гэдгээ өнгөрсөн онд хэлж байжээ.

Серби улс урт хугацаанд Европын холбоо, ОХУ-ын хэн хэнд нь тал алдахгүйг хичээсээр ирсэн. Тус улс Европын холбоонд элсэх хүсэлтээ 2009 онд гаргаж, 2012 онд нэр дэвшигч гишүүн орон болсон. Гэвч Оросын түрэмгийллийг дэмжсэн гэх үндэслэлээр яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод буй. Учир нь Серби улс холбооны гишүүнчлэлийн шалгуур болгож буй дайны хариуд барууны хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан юм.

ОХУ-ын тухайд Сербийн цорын ганц газрын тос боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд үүнийгээ зарахаас татгалзаж байна. Энэ нь Сербийг ОХУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай болгожээ.

Холбоотой мэдээ