АНУ: Худалдааны гэрээ байгуулах 15 саналыг судалж байна

2025-04-16 38 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа худалдааны асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливиттийн мэдэгдсэнээр, албаны хүмүүс олон улс оронтой хэлэлцээ хийхээр судалж байгаа ажээ.

“Бидний ширээн дээр 15 гаруй гэрээний төсөл байна, ирүүлсэн саналуудыг сайтар судалж байна. Мөн өмнө нь хэлсэнчлэн 75 гаруй улс хэлэлцээ хийх санал тавьж, бидэнтэй холбоо тогтоосон. Тиймээс хийх ажил маш их байна. Зарим хэлэлцээрийн талаар тун удахгүй мэдэгдэл хийнэ гэдэгт найдаж байна” хэмээн К.Ливитт мягмар гарагт хэлжээ. Түүний хэлснээр, Д.Трамп бүх гэрээнд гарын үсэг зурах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэлэлцээнд идэвхтэй оролцох ажээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын талтай тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаа боловч Бээжингийн эрх баригчдын зүгээс эхний алхмыг хийхийг хүлээж байна гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэллээ. “Бөмбөг Хятадын талбайд байгаа. Хятад улс бидэнтэй гэрээ хийх хэрэгтэй, харин бид тэдэнтэй гэрээ хийх шаардлагагүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Д.Трампын татвар ногдуулах шийдвэр Америкийн жижиг бизнес эрхэлдэг олон хүний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй холбогдуулан таван компани АНУ-ын Олон улсын худалдааны шүүхэд нэхэмжлэл гаргахаар нэгджээ. Ерөнхийлөгч дур мэдэн татвар ногдуулах нь хууль бус гэж тэд үзэж байна. Эдгээр компанийн дотор Нью-Йорк дахь дарс, спиртийн импортлогч компани, Пенсильвани дахь загас агнуурын тоног төхөөрөмжийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани байна.

Холбоотой мэдээ