Япон улсын иргэдийн тоо 2024 оны аравдугаар сарын байдлаар гадаадын оршин суугчдыг оролцуулахгүйгээр 120.3 сая байсан нь өмнөх оноос 898 мянгаар цөөрсөн үзүүлэлт бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн их бууралт болж бүртгэгджээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар гадаадын иргэдийг оролцуулаад Японы нийт хүн ам 123.8 сая болж, өмнөх оноос 550 мянгаар буурсан байна. Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлснээр, хүн амын тоо дараалан 14 дэх жилдээ буурчээ.
14 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 343 мянгаар буурч, 13.83 сая болж, нийт хүн амын 11.2 хувийг эзэлсэн нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Харин 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо 17 мянгаар нэмэгдэж, 36.24 сая болж, нийт хүн амын 29.3 хувийг эзэлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Хөдөлмөрийн насны хүн ам (15-64 насны) 224 мянгаар буурч, 73.73 сая болсон гэж засгийн газрын тайланд дурдсан байна.
Өнгөрсөн онд Япон улсад төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
0 cэтгэгдэлтэй