Унгарын нэг танхимтай парламент зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ.
Үндэсний телевизээр шууд дамжуулсан хуралдааны үеэр уг шийдвэрийг 140 гишүүн дэмжсэн бол 21 гишүүн эсэргүүцсэн ба санал өгөхөөс түдгэлзсэн хүн байсангүй.
Үндсэн хуулийн шинэ найруулгад гэр бүл, гэрлэлттэй холбоотой заалтыг оруулахдаа “Унгар улс гэрлэлтийн институцыг эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын холбоо хэмээн үзэж хамгаална. Мөн гэр бүлийг үндэстэн оршин тогтнохын үндэс суурь гэж үзнэ. Гэр бүлийн үндэс нь гэрлэлт болон эцэг, эх ба хүүхдийн харилцаанд оршино. Хүн бол эрэгтэй эсвэл эмэгтэй байдаг. Эцэг нь эрэгтэй, эх нь эмэгтэй байна” хэмээн тусгажээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эрх баригч “Фидес-Унгарын Иргэний холбооны нам”-аас парламентад сонгогдсон гишүүд, тэдний түншүүд болох Христийн ардчилсан нам, хэт консерватив үзэлтнүүдийн “Йоббик” нам, үндсэрхэг үзэлтнүүдийн “Манай эх орон” намын төлөөлөгчид дэмжсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай гуравны хоёрын саналыг авчээ. Унгарын парламент 199 суудалтай.
Сөрөг хүчний “Ардчилсан эвсэл” болон Социалист намын бүлгүүд санал хураалтад оролцохоос татгалзсан бол “Моментум” намын гишүүд танхимд эсэргүүцлийн уриа лоозон дэлгэж, үлээвэр хөгжмөөр дуу чимээ гаргаж, хуралдааныг тасалдуулахыг оролдсон байна. Хурлыг даргалж байсан парламентын дэд дарга Янош Латорцаи дэг журмыг сахихыг тэднээс шаардаж, хуралдааныг зогсоолгүй санал хураалтыг явуулсан байна.
Энэ үеэр сөрөг хүчнийг дэмжигчид парламентын ордны өмнөх Лайош Кошутын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Эрх баригчид жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулжээ.
0 cэтгэгдэлтэй