Юн Сук Ёлын дараагийн шүүх хурал эхлэв

2025-04-14 31 0

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын дараагийн шүүх хурал эхэллээ. Түүнийг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлаж, бослого зохион байгуулсан хэргээр шүүнэ.

Эхний шүүх хурал өнөөдөр 10:00 цагт болсон бөгөөд Юныг газар доорх зогсоолоор шүүхийн байр руу оруулжээ. Огцорсон удирдагчийг ийн олны нүднээс хамгаалж, өмнөх ерөнхийлөгч нараас өөр хандсан нь шүүмжлэлд өртөөд амжив. Харин шүүхийн зүгээс аюулгүй байдал болон бусад өргөдөл гаргагчид хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг бодолцсон гэсэн тайлбар өглөө. Мөн шүүхийн байрыг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан гэв.

Анхны урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 20-нд болсон. Үүнээс 54 хоногийн дараа ийнхүү эхний шүүх хурал нь болж байна.

Шүүх хурлын танхимд нийтийн ашиг сонирхлын үүднээс гэрэл зураг, дүрс бичлэг авахыг зөвшөөрсөн ч гэсэн зөвхөн өнөөдөр боломжгүй аж. Үүний тодорхой шалтгааныг тайлбарлаагүй. Өмнө нь 2017, 2018 онд Пак Гын Хе, Ли Мён Бак нарын шүүх хурлын үеэр хэвлэл мэдээллийнхэд гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх боломжийг олгож байсан.

Тиймээс өнөөдөр Юнд ийн давуу эрх олгож буйг сөрөг хүчний Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Ли Гүн Тэ шүүмжилжээ.

Юн болон түүний хуулийн багийнхан энэ удаагийн шүүх хуралдаанд ч анхны байр сууриа хэвээр хадгалан, буруутгалыг үгүйсгэх төлөвтэй байна. Өмнөд Солонгосын Эрүүгийн хуульд зааснаар бослого хөдөлгөөнийг удирдсан хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүст цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Эсэргүүцлийн хэрэгт буруутгагдаж байсан ерөнхийлөгч асан Чун Ду Хван шүүх хурлынхаа үеэр цаазын ял сонссон ч сүүлд нь бүх насаар хорих ял болгон хөнгөлүүлж байжээ. Хоёр жил хоригдсоны эцэст тэр 1997 онд ерөнхийлөгч асан Ким Ён Самын зарлигаар өршөөлд хамрагдсан юм.

Холбоотой мэдээ