Элон Маск албан ёсоор Трампийн засаг захиргааны ажилтан болжээ

2024-11-13 36 0

АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өөрийн хүрээллээ бүрдүүлж, чухал албан тушаалуудад томилгоо хийсээр байна. Энэ дундаас хамгийн сонирхол татаж буй нь Элон Маскийн томилгоо. Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр “Засгийн газрын үр ашгийн хэлтэс”-ийг удирдах болжээ. Энэ нь зардлыг их хэмжээгээр бууруулж, холбооны хүнд суртлыг цэгцлэх үүрэгтэй хэлтэс юм. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшсэн Вивек Рамасвами түүнтэй хамт хэлтсийг удирдана.

Энэ шийдвэрээрээ Дональд Трамп тэдэнд засгийн газрын зардалд томоохон өөрчлөлт хийх эрхийг олгож байна. “Энэ хоёр гайхалтай эрхэм хамтдаа засгийн газрын хүнд суртлыг үгүй хийж, үргүй зардлыг танан, Америкийг аврах хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн замыг засна” гэж Трамп хэлжээ.

Шинэ хэлтсийн бүтэц хараахан тодорхой болоогүй ч төрийн албаны албан ёсны бүтцээс гадуур байна гэж үзэж буй.

Элон Маскийн хувьд Дональд Трампийн кампанит ажилд 200 сая ам.доллар хандивласан. Харин Вивек Рамасвами анхны шатны сонгуулийн үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр Трамптай өрсөлдсөн ч ялагдсан юм. Үүнийхээ дараа Трампийн хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг болжээ.

Өөр бусад анхаарал татсан томилгооноос дурдвал, Трамп “Fox news” сувгийн хөтлөгч бөгөөд ахмад дайчин Пете Хегсэтийг Батлан хамгаалахын сайдаар, Техасын конгрессын гишүүн асан Жон Ратклиффийг Үндэсний тагнуулын газрын даргаар сонгоод байна. Мөн гольфийн найз Стив Виткоффоо Ойрхи Дорнодод суух тусгай төлөөлөгчөөр сонгов. Стив Виткофф нь Трампийн эртний гольфийн найзаас гадна кампанит ажлынх нь гол хандивлагчдын нэг байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ