Испани улсын гүнж насанд хүрч, үндсэн хуулийн өмнө тангараг өргөв

2023-11-01 251 0

Испани улсын хаан ширээг залгамжлах эрхтэй гүнж Леонор өчигдөр 18 насанд хүрч, үндсэн хуулийн өмнө үнэнч байхаа тангараглажээ.

Парламентын хоёр танхимын нэгдсэн чуулганы үеэр тангараг өргөх ёслол зохион байгуулагдаж, гүнжийн эцэг эх болох Испанийн хаан Фелип VI, хатан Летициа, гүнжийн охин дүү Софиа нар оролцсон байна.

Ёслолын ажиллагааг нийслэл Мадрид даяар байрлуулсан том дэлгэцээр олон нийтэд үзүүлжээ.

“Үндсэн хууль, түүний дагалдах хуулиудыг хамгаалж, иргэд, өөртөө засах эрхтэй газар нутгуудын хүн амын эрхийг хүндэтгэж, хаанд үнэнч байхаа тангараглаж байна” гэж Леонор хэлэхдээ 37 жилийн өмнө эцэг хааны тангараг өргөхдөө ашиглаж байсан үндсэн хуулийн хэвлэмэл эх дээр гараа тавьсан байв.

Гүнжийг ингэж хэлсний дараа Испани даяар сүмүүд хонхоо дэлдэж, ёслолын шууд дамжуулалтыг үзсэн иргэд алга нижгэнүүлэн ташиж, уухайлцгаажээ.

Тангараг өргөснөөр Леонор гүнж албан ёсоор хааны угсаа залгамжлагч болж, эзгүйд нь төрийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэх  эрхтэй болж байна.

Леонор гүнж төрөлх Испани хэлнээс гадна Франц, Англи, Каталан хэлтэй бөгөөд одоо улсынхаа дотоод бүс нутгуудын хэл болох Галиц, Баск хэлүүдийг сурч байгаа юм.

Британийн Уэльс дэх олон улсын коллежийг төгссөн гүнж энэ оны наймдугаар сард Испанийн Зарагоза хот дахь цэргийн академид элсэн суралцаж эхэлжээ. Тэрбээр энд гурван жил суралцах юм байна.

Энэ нь ирээдүйд Испанийн зэвсэгт хүчний дээд командлагч болох түүний хувьд зайлшгүй эзэмших боловсрол юм.

Испанийн хаант засаглалыг дэмжигчид залуу, үзэсгэлэнтэй гүнж тус улсын дээдсийн гэр бүлийг тойрсон элдэв хэл ам, дуулианыг дарж, нэр хүндийг нь өсгөнө гэж найдаж байна.

Леонор гүнжийн өвөг эцэг Хуан Карлос 1975 онд дарангуйлагч Франциско Франкогийн дэглэм унасны дараа хаан ширээнд заларч байв.

Тэрбээр Испани улсыг дарангуйллаас ардчилсан нийгэмд шилжүүлсэн хүмүүсийн нэг гэж хүндлэгддэг ч хувийн олон асуудлаас болоод нэр хүнд нь нэлээд унасан юм.

Санхүүгийн болон гэр бүл, хайр дурлалын дуулианаас зугтсан Карлос хаан 2014 онд титмээ хүүдээ залгамжлуулж, 2020 онд Ойрх Дорнодын Абу Даби хотод суурьшсан байна.

Леонор гүнж хаан ширээнд заларвал Испанийн түүхэнд гурав дахь хатан хаан болох юм. Түүнээс өмнө 16 дугаар зуунд Кастилын Жоанна, 19 дүгээр зуунд Изабел II нар Испанийн төрийг барих хатан хаад болж байжээ.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ