ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Вадим Шамаринийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан баривчилсныг тус улсын хэвлэлүүд Пүрэв гарагт мэдээлжээ.
Тэрбээр сүүлийн нэг сар орчим хугацаанд авлигын хэргээр саатуулагдсан Оросын батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудын дөрөв дэх нь болж байна.
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хамгийн эхэнд баривчлагдсан батлан хамгаалахын дэд сайд Тимур Иванов одоо урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа.
Түүний дараа батлан хамгаалах яамны боловсон хүчний хэлтсийн дарга, дэслэгч генерал Юрий Кузнецов, 58 дугаар армийн командлагч асан, хошууч генерал Иван Попов нар мөн баривчлагдсан юм.
Батлан хамгаалах яамыг тойрсон авлигын хэрэгтэй холбоотой өөр гурван хүн баривчлагдсан нь яамны барилга, бүтээн байгуулалтын төслүүдийн гүйцэтгэгч компаниудын захирлууд байжээ. Тэдний нэг дэд сайд Ивановын дотны найз байсан юм.
Энэ сарын эхээр тангараг өргөснийхөө дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2012 оноос хойш ажиллаж буй батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулсан юм. Гэхдээ зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовыг албан тушаалд нь хэвээр үлдээгээд байгаа.
Өчигдөр баривчлагдсан Шамарин нь Герасимовын орлогч юм.
Шойгугийн оронд цэрэг армийн ямар ч туршлагагүй, салбарын бус хүн, эдийн засагч Андрей Белоусов томилогдоод байгаа.
Үүнийг Украины дайныг эдийн засгийн хувьд үр ашигтай явуулж, зэвсэгт хүчнээ авлигаас цэвэрлэх Путиний зорилгын илрэл гэж ажиглагчид дүгнэж байна.
Украин дахь байлдааны ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа тул зэвсэгт хүчний жанжин штабтаа халаа сэлгээ явуулах төлөвлөгөөгүй байгааг Путин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй