Сомалийн далайн дээрэмчид $5 саяыг хүлээж авсны дараа барьцаанд нь байсан “MV Abdullah” хөлөг онгоцыг багийн 23 гишүүний хамт Ням гарагийн өглөө суллан явуулжээ.
“Хоёр хоногийн өмнө ирсэн мөнгө хуурамч эсэхийг шалгаж дууссаны дараа бид дотроо хуваагаад засгийн газрын хүчтэй тулгарахгүйн тулд хөлгийг орхиж явсан” гэж дээрэмчдийн нэг Абдирашилд Юсуф мэдээлсэн байна.
Сомалийн засгийн газраас уг мэдээллийг тодруулахад хариу өгөөгүй юм.
55,000 тонн нүүрс ачсан Бангладешийн далбаатай “MV Abdullah” хөлөг Мозамбикийн нийслэл Мапуто хотоос Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн боомт руу зорчиж байхдаа нэг сарын өмнө Сомалийн эргээс 1,000 км зайд дээрэмчдэд барьцаалагдаж байжээ.
Олон улсын нэгдсэн хүч Улаан тэнгис, Адены буланд ачаа тээврийн хөлгүүдийг Йемений босогчдын цохилтоос хамгаалахад анхаарал хандуулаад буй энэ үед Сомалийн далайн дээрэмчдийн үйл ажиллагаа идэвхжих болсон юм.
Хөлгийг эзэмшигч KSRM групп өнгөрсөн хугацаанд дээрэмчидтэй хэлэлцээ явуулж байжээ.
“Бид дээрэмчидтэй тохиролцоонд хүрч чадсан. Мөнгөний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хөлгийн багийн бүх гишүүн аврагдсан” гэж тус группийн хэвлэлийн төлөөлөгч Мизанул Ислам мэдээлсэн байна.
Энэ удаагийн барьцаалалт нь 2017 оны арванхоёрдугаар сараас хойш Сомалийн далайн дээрэмчдийн явуулсан хамгийн амжилттай ажиллагаа болж байгаа гэнэ.
Үүнээс өмнө тэд ихэвчлэн Энэтхэг, Шри Ланка, Сейшелийн тэнгисийн цэргүүдийн хамгаалдаг загас агнуурын жижиг завинуудыг дээрэмддэг байжээ.
Өнгөрсөн сард Энэтхэгийн хүчнийхэн арванхоёрдугаар сард Сомалийн эргээс 480 км зайд барьцаалагдсан Мальта улсын далбаатай “MV Ruen” хөлгийг 17 хүний хамт чөлөөлсөн байна.
Энэ ажиллагааны үеэр 35 дээрэмчин баригдсаныг шалгуулахаар Мумбай хотод хүргэжээ.
Далайн дээрэмчдийн үйл ажиллагаа 2011 онд оргилдоо хүрч, Сомалийн эргээс 3,655 км хүртэл зайд аялж байсан хөлгүүд рүү зэвсэглэн халддаг байсан гэдэг.
Үүний дараа олон улсын тэнгисийн хүч Энэтхэгийн далайд тогтмол эргүүл гаргаж, ачаа тээврийн хөлгүүдийг хамгаалдаг болсноос хойш дээрэмчдийн үйл ажиллагаа эрс сулраад байжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй