Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй “Шүүхийн өдөр” нь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхацжээ

2024-04-09 242 1

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчид “Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх ач холбогдолтой” хэмээн танилцуулсан юм.

Тэдний өргөн барьсан хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд зөвхөн “тэмдэглэлт өдрүүд”-ийг бичсэн байдаг.

Тэгвэл нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй зургаадугаар сарын 14-ний “Шүүхийн өдөр” нь одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа аж. Тэрбээр 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.1-д “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж заасан.

  • Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг
  • Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн уг хуульд заажээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд: 

  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
  • Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд: 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
  • Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
  • Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
  • Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
  • Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
  • Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
  • Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
  • Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
  • Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
  • Монгол Улсын нийслэл хотын өдөр: 10 дугаар сарын 29;
  • Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
  • Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
  • Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
  • Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гараг.

 

Эх сурвалж: Legalinfo.mn, Parliament.mn, President.mn

Холбоотой мэдээ