Крымийн хойгт Оросын десантын хоёр хөлгийг устгаснаа Украины тал мэдээлэв

2024-03-25 264 0

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Украины арми эзлэгдсэн Крымийн хойгт агаарын томоохон довтолгоо явуулсны үр дүнд Оросын Хар тэнгисийн флотын хоёр хөлөг, удирдлагын төв болон бусад дэд бүтцийг устгаснаа мэдээлжээ.

Тухайлбал “Ямал”, “Азов” нэртэй десантын хоёр хөлгийг устгаснаа энд дурдсан юм.

Крымийн Севастополь боомт хотын Москвагаас томилогдсон захирагч Оросын тал энэ довтолгооны үеэр Украины 10 нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлжээ.

Ням гарагийн үүрээр бас Оросын арми Украины нийслэл Киев хот болон Львов мужийн нутаг дэвсгэрт олон тооны дрон, пуужингаар довтолсон юм.

Крымьд явуулсан довтолгоог Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шэппс “Украины хувьд түүхэн үйл явдал” гэж магтсан байна.

“Англи хэлээр тодорхой хэлэхэд, хэдийгээр Оросын флот тэнд 1783 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ч Путин цаашдаа Хар тэнгист чөлөөтэй ажиллах боломжгүй болсныг энэ үйл явдал батлан харуулж байна” гэж тэр мэдэгджээ.

Шэппс бас Украин энэ дайнд ялагдахыг дэлхий “тэвчихгүй” бөгөөд Украинд үзүүлэх Их Британийн тусламж дэмжлэг “тууштай, хэвээр” байхыг амласан юм.

2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойг сүүлийн саруудад Украины агаарын довтолгоонд байнга өртөж байгаа. Үүний үр дүнд Оросын Хар тэнгисийн флот нийт хөлгүүдийнхээ дөрөвний нэгийг алдсан гэдэг. Оросын тал хохирлоос сэргийлэхийн тулд үлдсэн хөлгүүдийнхээ ихэнхийг Крымийн боомтуудаас өөрийн эх газрын боомт Новороссийск руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий.

Ням гарагийн өглөөний 5:00 цагийн орчимд Оросын агаарын довтолгоо Киевт эхэлжээ.

Энэ үеэр Оросын 18 пуужин, 25 дроныг устгаснаа Украины албаныхан мэдээлсэн байна.

Украины баруун бүсийн Львов мужийн нутагт Оросын талаас 20 орчим пуужин, долоон дрон харвасан нь бүгд эрчим хүчний дэд бүтцийг чиглэж байжээ.

Дээрх хоёр довтолгооны үеэр ноцтой хохирол учраагүйг Украины тал мэдээлсэн байна.

Львовыг чиглэсэн нэг далавчит пуужин хөрш Польшийн агаарын хилд нэвтэрсэн тухай Варшаваас мэдээлжээ.

“Осердов хотын орчимд нэвтэрсэн биет Польшийн агаарын орон зайд 39 секундийг өнгөрүүлсэн. Нислэгийн бүх хугацаанд радарын системүүд уг биетийг ажиглаж байлаа. Хэрвээ энэ биет Польшийн нутаг дэвсгэрт байрлах аливаа бай руу чиглэсэн үндэслэл илэрвэл бид устгах арга хэмжээ авах байсан” гэж Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ