Путиний ойрын хүрээллийнхэн цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлжээ

2024-03-25 204 0

Баасан гарагт Москвад гарсан террорист халдлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийнхэн тус улсад цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлжээ.

Орос улс 1990-ээд оноос хойш цаазын ялыг түдгэлзүүлээд байгаа. Баасан гарагт Оросын сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй том зэвсэгт халдлага гарсан нь цаазын ялыг сэргээх уриалгыг эрчимжүүлсэн байна. Энэ халдлагын үеэр 137 хүн алагдсан юм.

“Цаазын ялыг тойрсон асуултууд маш олноор гарч байна. Энэ асуудлыг гүн гүнзгий, мэргэжлийн түвшинд бодитойгоор шийдвэрлэх цаг ирсэн нь гарцаагүй. Манай нийгмийн сэтгэл санаа, хүлээлтэд нийцсэн шийдвэр гарах болно” гэж Бямба гарагт Оросын төрийн Дум дахь эрх баригч “Нэгдсэн Орос” намын бүлгийн тэргүүн Владимир Васильев мэдэгджээ.

Энэ өдөр бас Думын аюулгүй байдлын байнгын хорооны дарга Юрий Афонин “Терроризм, аллагын хэргүүдэд цаазаар авах ялыг сэргээх шаардлагатай” гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев бас энэ уриалгыг дэмжжээ.

“Террористууд зөвхөн ижил хариу арга хэмжээг л ойлгодог. Үхлийг үхлээр” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн юм.

Төрийн Думын спикер Вячеслав Володин, Думд цөөнх болдог хоёр улс төрийн намын удирдлага мөн ийм уриалга гаргажээ.

Оросын сөрөг хүчнийхэн цаазын ялыг Кремлийн бодлогыг шүүмжлэгчдийн эсрэг ашиглаж болзошгүйд санаа зовж байна.

Учир нь сүүлийн жилүүдэд “терроризмын” гэх гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдэх болсон юм. Зөвхөн 2023 онд эрх баригчид терроризмтой холбоотой 143 хэрэгт шийтгэл оноосон бол 2018 онд ийм төрлийн хэрэг дөнгөж 20 хүрэхгүй тоотой гарч байсныг МедиаЗона хараат бус сайт мэдээлжээ.

Энэ сарын эхээр Оросын эрх баригчид олон улсын LGBT хөдөлгөөнийг “террорист, экстремист” байгууллагын хар жагсаалтдаа нэмсэн юм.

Өнгөрсөн сард шоронд нас барсан сөрөг хүчний улс төрч Алексей Навальный бас “экстремизм”-ын хэргээр ял эдэлж байжээ.

“Хэрвээ цаазын ялыг сэргээвэл төрийн систем хэдэн хүнийг алахыг мэдэж байна уу? Одоо яг хэчнээн хүн шоронд хоригдож байна.. тэдний террорист бишийг яаж ялгах юм бэ? Ямар ч тохиолдолд бид ийм эмгэнэлт байдалд хүрэх ёсгүй” гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Алёна Попова сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ