Оросын эрх баригчид Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлэх зорилгоор удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа татвараа өсгөх талаар судалж буйг эх сурвалжууд мэдээлжээ.
Тухайлбал аж ахуйн нэгжийн болон өндөр орлоготой хувь хүмүүсийн татварыг их хэмжээгээр нэмэх хувилбарыг хэлэлцэж байгааг уг асуудалд ойр ажилладаг нэрээ нууцалсан хоёр хүн баталсан байна.
Жилийн орлого нь таван сая рублиэс ($55,000) давдаг хувь хүмүүсийн татварыг одоогийн 15 хувиас 20 хувь болгох, компаниудын татварыг одоогийн 20 хувиас 25 хувь болгох хувилбарыг идэвхтэй хэлэлцэж байгаа ажээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулагдах юм.
Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуулиар дахин зургаан жил үргэлжлүүлэн ажиллах эрхээ олж авах зорилготой байгаа.
Хоёрдугаар сарын 29-ний өдөр Оросын хууль тогтоох дээд байгууллагад тавьсан жил тутмын илтгэлдээ тэр “өндөр орлоготой хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд татварын дарамтыг тэгш хуваарилах” төлөвлөгөөтэй байгаагаа дурдаж байв.
Одоо ОХУ-д жилийн орлого нь таван сая рубль хүрдэггүй хувь хүмүүс 13 хувийн татвар төлдөг бол давсан тохиолдолд 15 хувийг төлдөг.
Шинэ төлөвлөгөөгөөр 15 хувийн босгыг нэг сая рубль болгон бууруулж магадгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл жилд нэг саяас бага орлого олдог хүн амын хэсэгт татварын хэмжээ өөрчлөгдөхгүй бол бусад бүх хэсэгт нэмэгдэх бололтой.
Оросын Холбооны Статистикийн Албаны гаргасан тоо баримтаас үзвэл 2023 онд тус улсын иргэдийн жилийн дундаж цалингийн хэмжээ 884,508 рубль байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит бүрэн эрхийн хугацааны эхэнд олон нийтэд таалагдахгүй арга хэмжээг авч хэрэгжүүлдэг нь Оросын эрх баригчдын хувьд уламжлал болсон үзэгдэл.
2018 онд Путинийг дахин сонгогдсоны дараахан тэтгэврийн насыг өсгөх, нэмүү өртгийн албан татварын хэмжээг 18 хувиас 20 хувь болгон өсгөх шийдвэрүүд гарч байжээ.
Украины дайн Оросын төрийн сан хөмрөгийг нэлээд дундалж байгаа нь тодорхой байгаа.
Өнгөрсөн оны сүүлийн байдлаар тус улсын үндэсний баялгийн сангийн нөөц бараг талдаа хүртэл буурсан нь сангийн яамны тоо баримтаас харагдаж байв.
Эх сурвалж: Bloomberg
0 cэтгэгдэлтэй