Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхөд “ОХУ тусалсан” гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба дүгнэжээ

2023-11-24 155 0

Энэ долоо хоногт Умард Солонгосын дэглэм гурав дахь оролдлогоороо анхны хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд амжилттай хүргэсэн юм.

Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Алба энэ талаар гаргасан дүгнэлтээ парламентын холбогдох байнгын хорооны гишүүдэд танилцуулсан байна.

Умард Солонгосын хиймэл дагуул дэлхийн тойрог замд хүрсэн нь батлагдсан, үүнийг амжилттай болоход ОХУ-ын тусламж нөлөөлсөн гэж уг дүгнэлтэд өгүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал энэ оны есдүгээр сард Умард Солонгос, ОХУ-ын удирдагчид уулзах үеэр Пёньяны эрх баригчид өмнөх хоёр амжилтгүй оролдлогынхоо мэдээллийг шинжлүүлж, дүгнүүлэхээр Оросын талд өгсөн гэнэ.

“Умард Солонгос-Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл дагуулаа хөөргөхөд нь дэмжлэг үзүүлэхээ Путин ил тод амлаж байсан. Умардын тал энэ үеэр хиймэл дагуул хөөргөх эхний болон хоёр дахь оролдлогынхоо зураг төсөл, дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Оросын тал түүнд нь дүн шинжилгээ хийж өгсөн” тухай Үндэсний Тагнуулын Албаны тайланд дурдсан байна.

Пёньяны эрх баригчид Лхагва гарагаас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд 10 хоногийн завсарт хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөснөө Японы талд урьдчилан мэдэгдсэн юм. Гэхдээ уг оролдлогоо Мягмар гарагт буюу зарласан хугацаанаасаа өмнө гүйцэтгэсэн нь цаг агаарын таатай нөхцөл бүрэлдсэнтэй холбоотой гэж дээрх тайланд мэдээлжээ.

Умард Солонгосын дэглэмийн хатуу түлштэй тив алгасах баллистик пуужин бүтээх төсөл эхний шатандаа хэрэгжиж байгаа, ойрын үед тус улс цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа гүйцэтгэх төлөвгүй байгааг мөн Өмнөд Солонгосын тагнуулын алба дүгнэсэн байна.

“Умардын дэглэм 2023 онд цөмийн зэвсэг турших магадлал бага харагдаж байна. Гэхдээ уг туршилтаа удирдагч Ким Жон Уны шийдвэрээс хамааран 2024 оны аль нэг улиралд гүйцэтгэх боломжийг үгүйсгэхгүй” гэж уг тайланд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ