Л.Мессигийн өмсгөлийг дуудлагаар худалдана

2023-11-21 280 0

Аргентины шигшээ баг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ түрүүлэх үеэр Лионель Мессигийн өмсөж байсан цагаан цэнхэр өнгийн ханцуйгүй зургаан ширхэг цамцыг дуудлага худалдаанд оруулахаар болсон талаар дуудлага худалдааны Sotheby’s ордноос мэдээллээ.

“ДАШТ-ий үеэр өмссөн цамцнууд нь Л.Мессигийн авьяас чадвар, хичээл зүтгэлийг илэрхийлэх дурсгалт эд зүйлс юм. Эдгээр нь шаргуу хөдөлмөрөөр дүүрэн карьерын оргил үе, гайхалтай тоглолт үзүүлэхийн төлөөх хязгааргүй хүсэл тэмүүллийн илэрхийлэл мөн” гэж Лондонд төвтэй тус дуудлага худалдааны ордны мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Л.Месси 2022 оны ДАШТ-д оролцсон нь тус тэмцээнд түрүүлэхээс илүүтэй үе үеийн хөлбөмбөгчид болон хөгжөөн дэмжигчдэд урам зориг өгөх зорилготой байсан гэдгийг онцолсон байна.

10 дугаартай эдгээр өмсгөл 9.3 сая доллароос дээш үнэ хүрвэл дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан спортын дурсгалт эд зүйлийн үнийн рекордыг шинэчлэн тогтоох юм. 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Английн эсрэг хийсэн тоглолтын үеэр Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн өмсөж байсан өмсгөл 2022 оны тавдугаар сард 9.3 сая доллароор зарагдсанаар дээд амжилтыг тогтоосон билээ.

Уг тоглолтын үеэр ДАШТ-ий түүхэн дэх хамгийн мартагдашгүй гоолуудын нэгийг оруулсан бөгөөд Аргентины хөл бөмбөгийн одыг гараараа гоол оруулсныг шүүгч анзаараагүй өнгөрсөн түүхтэй. Д.Марадона хожим нь уг гоолыг “Марадонагийн толгойгоор, бурхны гарын тусламжтайгаар оруулсан” хэмээн хэлж байжээ.

Харин 2022 онд Катарын нийслэл Доха хотын Лусаил цэнгэлдэх хүрээлэнд болсон шувтаргын тоглолтод Аргентин, Францын багууд 3:3 онооны харьцаагаар тэнцэж, Аргентины шигшээ баг францчуудыг торгуулийн цохилтоор буулган авснаар гурав дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөсөн юм. Л.Мессигийн хувьд энэхүү тоглолтод хоёр гоол оруулсан билээ.

Лондон хотноо 1744 онд үүсгэн байгуулсан Sotheby’s ордон ирэх 12 дугаар сард Л.Мессигийн цамцнуудыг Нью-Йоркт дуудлагаар худалдах бөгөөд өмсгөлүүдийг Нью-Йорк дахь төв байрандаа дэлгэн үзүүлэх ажээ.

Холбоотой мэдээ