Өчигдөр буюу Даваа гарагт Колумбын поп од Шакирагийн татвараас зайлсхийсэн хэргийн шүүх хурал Испанид болох товтой байлаа.
Гэвч Шакира энэ асуудлаар Испанийн эрх баригчидтай эцсийн мөчид тохиролцоонд хүрсэн тул шүүхийн маргаан өндөрлөсөн байна. Дуучин бүсгүй төлөөгүй татвараа бүрэн барагдуулахаас гадна нэмэлт торгууль төлөхийг зөвшөөрсөн тухай Барселон хотын прокурорын газар өчигдөр үдээс хойш мэдээлжээ.
Тухайлбал тэр татварын өрөө хүүтэй нь хамт нийт 17.5 сая евро ($19 сая), нэмээд 7.3 сая еврогийн ($8 сая) торгууль төлөхөөр болсон байна.
Хэрвээ энэ мөнгийг төлөөгүй бол Испанийн прокурорууд Шакирад доод тал нь найман жилийн хорих ял оноохоор төлөвлөөд байсан юм.
Тохиролцооны дагуу хорих ялын гурван жилийн хугацааны өдөр бүрийг $437-оор тооцож, нийт $470,000 гаруйн хэмжээтэй торгууль төлөхөөр болжээ.
Шүүх хурал эхлээд дөнгөж 10 минут өнгөрч байхад прокурорууд дуучинтай тохиролцсоноо талуудад мэдээлснээр цааш үргэлжлэх шаардлагагүй болсон байна.
Шакира нь 2012-2014 оны хугацаанд Испани улсын нутаг дэвсгэрт амьдрахдаа олсон орлогоосоо татвар төлөөгүй гэж буруутгагдаж байсан юм.
Дээрх гурван жилийн хугацааны жил бүрийн 200-аас дээш хоногийг Испанид өнгөрүүлсэн тул олсон орлогоосоо татвар төлөх ёстой гэж прокурорууд үзэж байв.
Испанийн хуулиар тус улсын нутаг дэвсгэрт жилийн талаас илүү хугацааг буюу хамгийн багадаа 183 хоногийг өнгөрүүлсэн бол тухайн жилд олсон орлогоосоо татвар төлөх ёстой байдаг.
Харин Шакира өмнө нь Испанид ийм хугацаагаар оршин сууснаа няцааж байсан юм.
“Би шүүх хурлаар орж, гэм буруугүйгээ батлахад бэлэн байсан. Гэвч амьдралынхаа ийм олон жилийг алдах нь ялалт биш гэж үзсэн учраас тохиролцохоор шийдэж байна. Надад хоёр л сонголт байлаа. Нэг бол эцсээ хүртэл тэмцэж, өөрийн болон хүүхдүүдийнхээ сэтгэл санааны амар амгаланг олж авахын төлөө дуу хөгжим, аялан тоглолт, ажил үйлс зэрэг дуртай зүйлсээсээ татгалзах. Үгүй бол татварыг хүлээн зөвшөөрч, амьдралынхаа энэ хуудсыг бүрмөсөн хаагаад цаашдын ирээдүйгээ харах” гэж Шакира мэдэгдэлдээ өгүүлжээ.
Эх сурвалж: CNN
0 cэтгэгдэлтэй