Италийн шүүх өчигдөр Калабриа нутгаас гаралтай томоохон гэмт хэргийн бүлэг болох Ндрангета мафийн 200 орчим гишүүн болон тэдний хамсаатнуудад ял оноох шийдвэр гаргалаа.
Гурван жил орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргасан нь энэ юм. Шүүгч ялын тогтоолыг уншихад нэг цаг, хагасын хугацаа зарцуулсан байна.
Итали даяар өөр өөр шоронд хоригдож буй яллагдагсад шүүх хуралд видео холбоогоор оролцжээ.
Тэдэнд цөөн хэдэн сараас эхлээд 30 хүртэл жилийн хорих ял оноосон байна.
Прокурорууд нийтдээ 322 хүнд нийлбэр дүнгээр 4,700 гаруй жилийн хорих ял оноох саналыг шүүхэд гаргаж байжээ.
Шүүх үүнээс 200 орчим хүний ялыг баталснаас хамгийн том дөрвөн гэмт хэрэгтэн 30 жилийн хорих ял авсан байна.
Яллагдагсдын дотор хамгийн өндөр албан тушаалтан нь парламентын гишүүн асан өмгөөлөгч 70 настай Жанкарло Питтели байжээ.
Тэрбээр мафитай хуйвалдаж, хэргийг нь нуун дарагдуулсныхаа төлөө 11 жилийн хорих ял сонссон юм. Прокурорууд түүнд 17 жилийн ял төлөвлөөд байжээ.
Яллагдагсад шүүхийн шийдвэрийг хоёр удаа давж заалдах эрхтэй юм.
Италийн сүүлийн хэдэн арван жилийн түүхэнд мафийн эсрэг ийм том шүүх хурал болж байгаагүй.
Тус улсын өмнөд бүсийн Калабриа мужаас гаралтай Ндрангета бол дэлхийн 40 гаруй улсад гэмт хэргийн үйл ажиллагаа явуулсан түүхтэй, Европын кокаины наймааг бараг монополи түвшинд атгадаг байгууллага юм.
2021 оны нэгдүгээр сард эхэлсэн шүүх ажиллагааны хүрээнд шүүгч нар олон мянган цагийн урт гэрчийн мэдүүлэгтэй танилцсан байна. Тэдний дотор Ндрангета мафийн гишүүн байснаа сүүлд гэрч болсон 50 гаруй хүн байгаа юм.
Энэ удаагийн шүүх хурал тус байгууллагын нэг салбар болох Манкусогийн бүлгийн гишүүдэд голлон төвлөрсөн байна. Уг бүлгийн хоёр гол толгойлогч болох Саверио Рационале, Доменико Бонавота нар өчигдөр тус бүр 30 жилийн хорих ял сонсжээ.
Тэдний том босс болох 69 настай Луйжи Манкусог тусад нь шүүхээр болсон юм.
Шүүх хурал өчигдөр Калабриа мужийн Ламезиа Терме хотын өндөржүүлсэн хамгаалалттай байранд болсон байна.
Дуудлагын төв байсан энэ байрыг зөвхөн энэ шүүх хуралд зориулан тусгайлан засаж, тоногложээ.
Тухайлбал шүүгч, өмгөөлөгч, гэрчүүдийг хооронд нь санамсаргүй тохиолдлоор нүүрэлдүүлэхгүйн тулд тусдаа 32 ариун цэврийн өрөө байгуулсан байна.
Судлаачдын тооцоолсноор Ндрангета мафи өнөөдөр Калабрийн гэмт хэргийн 150 орчим жижиг бүлгийг нэгтгэдэг бөгөөд жил бүр хар тамхи, хээл хахууль, төсвийн мөнгөний хулгай, дээрэм зэргээс 50 гаруй тэрбум еврогийн орлого олдог гэнэ.
Өчигдөр ял сонссон хүмүүсийн дотор мафийн гишүүн бус хүмүүс, тухайлбал цагдаагийн офицерууд, хотын дарга нар, төрийн албан хаагчид байснаас харвал Ндрангета мафи Италийн нийгэмд ямар нөлөөтэй болсон нь харагдаж байна.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй