Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, “Монгол хаан” нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт энэ сарын 17-ноос толилуулах гэж байгаа билээ.
Жүжгийн сурталчилгаа Лондон хотод үргэлжилсээр буй бөгөөд энэ бүгдийн зардал хаанаас, хэр хэмжээтэйгээр гарч байгаа нь олны анхаарлыг татаж буй тул Соёлын яамнаас тодруулав. Ингэхэд тус яамнаас жүжгийн баг бүрэлдэхүүнд виз болон тухайн газарт тоглохтой холбоотой асуудал, Элчин сайдын яамтай холбох, хамтран уялдаатай ажиллах зэргээр бодлогын дэмжлэг үзүүлж байгаа гэж мэдээлэв.
Харин Лондон хотод тоглогдох гэж буй энэ удаагийн тоглолтын хувьд “Херо Энтертайнмент Групп” ХХК-ийн энэ оны тавдугаар сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар “2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын West End, Колизей театрт тоглогдох “Монгол Хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гаднын хөрөнгө оруулалтаар Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл юм.
“Тамгагүй төр” жүжгийн хамт олны зүгээс бидний уран бүтээлийг харлуулж, төрөөс санхүүжилт авсан, төсвийн мөнгөөр хийсэн мэтээр гүтгэж байгаад гүнээ харамсаж байна” гэсэн байв.
Тус жүжгийн Лондон дахь нээлтийн тоглолтын тасалбар зарагдаж дууссан байна. Мөн саяхан Өвөр Монголд тус жүжгийг гаргахыг хориглосонтой холбоотойгоор өвөр монгол иргэдэд тасалбараа 20 хувийн хөнгөлөлттэй борлуулахаа мэдэгджээ.
0 cэтгэгдэлтэй