Зүүн Африкийн Кени улсын засгийн газрын иргэний үнэмлэхийг төлбөртэй болгох шийдвэр тус улсын иргэдийг маш их бухимдуулаад байв.
Тэгвэл Кенийн дээд шүүх засгийн газрын энэ шийдвэрт хориг тавьж байгаагаа өчигдөр зарлажээ.
Өмнө нь тус улс иргэний үнэмлэхийг иргэддээ үнэ төлбөргүй олгодог байсан юм. Гэтэл саяхан гэнэт 1,000 кени шиллингийн ($6) хураамжтай болгожээ.
Хаяж гээсэн тохиолдолд дахин авах бол 2,000 шиллингийн төлбөртэй болсон байна.
Энэ нь эдийн засаг хямарч, ихэнх нь ядуурлын ирмэг дээр амьдарч буй кеничүүдийн хувьд том дарамт болжээ.
Гэтэл засгийн газар нь төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд шинэ татварууд бий болгохоос гадна иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдээ төлбөртэй болгосоор байгаа.
Энэ оны эхээр татварын нэмэгдэл, үнийн өсөлтийг эсэргүүцсэн тэмцэл Кени даяар өрнөхөд хууль сахиулагчидтай мөргөлдсөний улмаас 24 хүн амиа алдаж байв.
Зөвхөн иргэний үнэмлэх биш, гадаад паспорт, гэрлэлтийн, төрсний, нас барсны гэрчилгээ зэрэг олон бичиг баримтын төлбөр нэмэгдсэн юм.
Тухайлбал гадаад паспортын хураамж 50 гаруй хувиар өссөн бол хүүхдийн төрсний гэрчилгээний хураамж дөрөв дахин нэмэгдэж, 200 шиллинг хүрчээ.
Дэлхийн Банкны судалгаагаар Кенийн иргэдийн 27 хувь нь ядуурлын түвшинд буюу өдрийн $2.15 хүрэхгүй орлогоор амь зуудаг юм.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт иргэдийн хувийн $500-аас дээш үнэтэй эд зүйлд татвар ногдуулах, гадаадын жуулчид, эх орондоо ирж буй иргэдээс хураамж авах шийдвэр гаргасан нь бас маргаан дэгдээгээд байна.
Саяхан Кенийн ерөнхийлөгч Руто анх удаа ард түмэндээ хандаж үг хэлэхдээ засгийн газар нь улс орноо өрийн дарамтаас гаргахын тулд хүнд хэцүү шийдвэрүүд гаргаж байгаа тухай ярьжээ.
Эх сурвалж: BBC
0 cэтгэгдэлтэй