Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор түрээсийн унадаг дугуй, скүүтер, сурроны хэрэглээ нэмэгдсэн. Эрэлтийг дагаад нийлүүлэгчид ч бүтээгдэхүүнээ нийтийн зам, талбайд олноор байршуулах болсон. Түгжрэлтэй нийслэлд тус үйлчилгээ зайлшгүй байх нь зүйтэй ч зориулалтын зорчих зам, зогсоол байхгүйгээс хүмүүс машинтай болон явганаар зорчиход тус хэрэгслүүдээр зорчиж байгаа хүмүүс саад болж байгаа юм. Тиймээс иргэдээс үүнд ямар зохицуулалт хийх саналтай байгаа талаар байр суурийг нь сонирхлоо.
ИРГЭД: ЗОРИУЛАЛТЫН ЗАМ, НЭГДСЭН ЗОГСООЛЫН ЦЭГ Л ГАРГАХ ӨГӨХ НЬ ЗӨВ
Иргэдийн хэлж байгаагаар хүүхэд, залуучуудын ихээр унадаг болсон суррон, скүүтер явган хүний замаар явж байхад зайгүй эгнээтэй тависнаас явган замаар алхахад хүндрэлтэй болжээ. Мөн машин замаар явах боломжгүй гэхдээ дугуйн зам байхгүй учир хүмүүс явган хүмүүстэй уралдан явж байгаа нь осол гарах, хүн гэмтэх эрсдэл үүсгэж байгааг ч хэлж байна.
Тиймээс зай, талбайг харгалзахгүй суррон, унадаг дугуй байршуулдаг байдлыг болиулж, тус тээврийн хэрэгслүүдийг унахад нас, аюулгүй байдлыг зааж, шаардлага тавих хэрэгтэйг иргэд онцолж байна.
Мөн автобусны буудал, гудамжид хэвтүүлж, унагаж, далий, муруй байршуулбал аппликейшн дээр нь дуут дохио ирж, алдаа заадаг болгох зохицуулалт хийх хэрэгтэйг ч залуус хэллээ.
“СКҮҮТЕР МОПЕДЫН, СУРРОН МОТОЦИКЛЫН АНГИЛАЛД ОРСОН”
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид, жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насныхан замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж буй.
Тэгвэл олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан суррон, скүүтерийг хүүхдүүд унаж байгаад энэ жилээс албан ёсоор хяналт тавьж, зохицуулалт хийхээр болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, скүүтерийг мопедын ангилалд оруулсан стандарт батлагдсан байна. Мөн иргэдийн шүүмжлэлтэй ханддаг цахилгаан хөдөлгүүрт сурроныг албан ёсоор мотоциклын ангилалд оруулж, хариуцлага, дүрэм журмыг мөрдүүлж ажиллахаар болжээ. Жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхаас гадна сурронтой замын хөдөлгөөнд оролцох иргэн заавал хамгаалах хэрэгсэлтэй байхыг албаныхан анхааруулж байна.
0 cэтгэгдэлтэй