Ноолуур килограмм нь 80 мянган төгрөг болж буурчээ

2025-04-14 72 0
Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж буйг малчид шүүмжилж байна. Цар тахлын улмаас 2020-2021 онд ноолуурын үнэ ханш буурч, малчдын орлого тасалдсан. Тухайн үед хил хааснаас болж ноолуурын үнэ нэг кг нь 50 мянган төгрөгт хүрсэн байдаг.
Аймгуудын ХХААГ-аас мэдээлснээр ямааны ноолуурын үнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар: 
  • Архангай аймагт 120.000-125.000 төгрөг
  • Баян-Өлгий аймагт 90.000-100.000 төгрөг
  • Говь-Сүмбэр аймагт 125.000-130.000 төгрөг
  • Дунд-Говь аймагт 110.000-120.000 төгрөг
  • Дорнод аймагт 160.000 төгрөг
  • Сүхбаатар аймагт 150.000 төгрөг
  • Хэнтий аймагт 150.000-160.000 төгрөг
  • Орхон аймагт 135.000-137.000 төгрөг
  • Өмнөговь аймагт 80.000 төгрөг
  • Хөвсгөл аймагт 130.000-135.000 төгрөгийн ханштай байна.

May be an image of text

Харин 2023 онд ноолуурын үнэ аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс, 2024 онд 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ жил кг нь 80 мянган төгрөгөөс эхэлж байна. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын үнэ тогтворгүй, 150 мянган төгрөгөөс илүү өсөхгүй гэдгийг худалдаачид хэлж байгаа юм.
МАЛЧИД ЖИЛИЙНХЭЭ ОРЛОГЫН 50 ХУВИЙГ НООЛУУРААС БҮРДҮҮЛДЭГ
Энэ талаар малчдын төлөөлөл “Манай сум 83 мянган ямаатай. Жилд дунджаар 33 тонн буюу 33 мянган кг ноолуур бэлддэг. Малчид жилийнхээ орлогын 50 хувийг ноолуураасаа бүрдүүлдэг. Гэтэл угааж, самнаж гаргана гэснээс болоод ноолуурын үнэ нэг кг тутамдаа дор хаяж 30 мянган төгрөгөөр буурлаа. Үүнээс болоод зөвхөн манай сумын малчид л гэхэд 99 сая төгрөгийн орлогоо алдахад хүрээд байна. Сайд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулж, боломжийн үнэтэй байна гээд байх юм. Мөнгөний ханшны уналт ямар бгаа билээ. Бас уналт тавхан хувьтай байна гэх юм. Гэтэл бодит байдал дээр манай суманд төдийгүй хаа сайгүй 30-40 мянгаар буучихаад байна” гэлээ.
Ноолуурын үнэ ханштай холбоотой асуудлаар  УИХ-ын гишүүн Б.Заяабал “Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортлох бодлогын цаана малчдын орлого буурах эрсдэл байж таарахгүй. Малчдынхаа орлогыг нэмэх үүднээс түүхий ноолуур авах, экспортлох бодлогоо зэрэгцээ, үе шаттай явуулах нь зөв. Энэ бол малчдын амьжиргааг дэмжих зөв гарц. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй энэ үед төрөөс хурдан, оновчтой шийдвэр гаргах нь эрсдэлийг бууруулах чухал алхам болно” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ