Хөгжлийн Банкны бондын өр болон Ирээдүйн өв сангийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн Банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн 100 хувийн эх үүсвэрээр барагдуулж дууслаа. Үүнд ямар нэгэн байдлаар өрийг өрөөр дарсан зүйл байхгүй.
Хөгжлийн Банкны 67 зээлдэгчээс 40 нь буюу 1.8 их наяд нь чанаргүй гэж үнэлэгдэж хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болж байв. 2022 оны нэгдүгээр сараас хойш нэг ч удаа зээл гаргаагүй. Зөвхөн зээлийг эргэн төлүүлэхэд л анхаарлаа хандуулсан. 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг эргэн төлүүлжээ.
Тус банк нь энэ онд 500 сая ам.доллар болон 30 тэрбум иений бүхий нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг барагдуулах байсан. Ийнхүү аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын бондыг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Харин энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 200 сая ам.долларыг төлөхөөр байгаа.
2018 онд 500 сая ам.долларыг Олон улсын валютын сангийн хяналтын дор зөвхөн өмнөх өндөр, хөвөгч хүүтэй өр төлбөрүүд дээр өрийн зохицуулалт хийхээр гаргасан. Дараах эх үүсвэрүүдэд дахин санхүүжүүлсэн болно.
- 2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
- 2014 онд татсан Кредит свифт банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
- 2016 онд татсан АНУ-ын Каргилл санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар
- Бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.долларыг төллөө.
Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад асуулга тавьж, Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцүүлэг болсон. Ирээдүйн өв сан нь 2017 онд анх хууль нь батлагдаад 2019 он хүртэл нэг их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулсан. Ийнхүү 2019 оноос хуримтлал бий болсон. Өнөөдрийн байдлаар 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болсон. Оны эцэс рүү 3.2 их наяд руу дөхнө. Харин 2024 онд 4.5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно.
2020 оны наймдугаар сард батлагдсан хуулиар Ирээдүйн өв санг 2025 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаарлах үүрэгтэй. Харин төрийн сангийн үлдэгдэл нь одоогоор 4.3 их наяд төгрөг байна. Тиймээс Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 1-н болгож урагшаа татах шийдвэр гарлаа. Ийнхүү хуулийн төслийг өргөн барих ажлын хэсэгтэй байгуулагдаж яаралтай өргөн барих болно.
Хуулиараа Ирээдүйн өв сангийн корпорац байгуулагдаж, мөнгийг нь найдвартай хадгалах үүрэг хүлээнэ. Тэр корпорац нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалагдана” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй