Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тохионо.
Энэхүү өдрийг угтан “Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах” талаар АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Тодруулбал орон даяар маргаашаас эхлэн чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд дээр хийж эхэлнэ. Аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очиж, эрсдэлийн үнэлгээг хийлгээрэй. Энэхүү үнэлгээг ердөө таван минутын дотор хийдэг. Улмаар энэ өвчнөөр өвдөх эрсдэл хэдэн хувьтай байна вэ гэдгийг гаргана.
- Чихрийн шижингийн хүндрэлийн илрүүлэг хийхдээ нүдний угийн зураг авах, хөлийн үзлэг хийх, цусанд сахар тодорхойлох гэх мэтчилэн олон үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа.
- Ард иргэдийг явган алхах, идэхтэй хөдөлгөөн сурталчлах, эрүүл зохистой хооллох мэдээлэл сургалт сурталчилгаагаар хангах зэрэг олон ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд онд хийсэн байдаг. Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн Шижингийн Хэв Шинж(ЧШХШ) хоёр тохиолдож байсан.
Үүнээс хойш 20 жилийн дараа яг адил аргачлалаар хүн амыг хамруулж судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өсжээ. Өөрөөр хэлбэл 1999-2019 оны хооронд чихрийн шижингийн өвчлөл монголчуудын дунд маш эрчимтэй өссөн байна.
Олон улсын чихрийн шижингийн тайлан мэдээнд Монгол Улсын тоо баримтыг дурдсан байдаг.
Тодруулбал манай улсын 20-79 насны 1,000 хүн тутамд 150 нь чихрийн шижинтэй байх магадлалтай. Үүнийг хоёр сая хүн амд бодвол 300,000 хүн чихрийн шижинтэй байх магадлалтай.
Гэтэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дотоод шүүрэл судлалын эмч нарын хяналтад 30,000 ч хүрэхгүй хүн үзүүлж байна. Иймээс манай улсын чихрийн шижингийн оношилгоо ердөө 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг нь оношилж чадахгүй байна” гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн “Олон улсын чихрийн шижингийн холбооноос хоёр жил тутам Diabetes Atlas гэх тайлан, мэдээг гаргадаг. Тус тайлан мэдээнд дурдсанаар 2021 онд дэлхийн хэмжээнд 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байна.
Дээрх тоон үзүүлэлт 2030 он гэхэд 643 сая болох магадлалтай. Цаашлаад 2045 он гэхэд 783 сая болж, огцом нэмэгдэх тооцооллыг гаргасан.
Чихрийн шижингийн хэв шинжтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй. Шинж тэмдэг нь бүдэг илэрдэг учраас хожуу оношлогдох аюултай.
Өөрөөр хэлбэл чихрийн шижинтэй иргэдийн 44 хувь нь оношлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дэлхий дээр 240 сая чихрийн шижинтэй мөртлөө оношлогдохгүй байна гэсэн тоо баримтууд бий.
Чихрийн шижинтэй дөрвөн хүн тутмын гурав нь хөгжиж байгаа бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.
ЧШХШ нэг нь хүүхэд, залууст илүү тохиолддог. Энэ бол нойр булчирхай, сахараа зохицуулдаг инсулин даавраа огт ялгаруулахгүй байгаа хэлбэр юм. Ийм учраас өдөр болгон өөртөө инсулин тариа хийх ёстой. Үүнийг тарихгүй бол амь нас нь эрсдэлд орох аюултай учраас ч анхаардаг.
- Дэлхийн хэмжээнд 0-19 насны 1.2 сая хүүхэд, залуус ЧШХШ нэгээр өвдөөд байна.
- Монгол Улсад 200 орчим хүүхэд, залуус ЧШХШ-ийн нэгдүгээр байна” хэмээв.
“Чихрийн шижингийн улмаас зургаан секундэд нэг хүн амиа алдаж, 20 секундэд нэг хүн хөлөө тайруулж байна”
Мөн тэрбээр дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчний эрсдэл ямар байгааг мэдээлсэн юм.
Чихрийн шижинг хэт оройтож оношлуулбал эмчлэгдэх боломж багатайг АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан хэлж байлаа.
Чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлс:
- Хамгийн түрүүнд биеийн жингийн илүүдэл, таргалалт. Тарган хүмүүс чихрийн шижингээр өвдөх магадлал маш өндөр.
- Зохисгүй хооллолт. Ялангуяа түргэн хоол, өөх тос ихтэй, нүүрс усаар баялаг, чанаргүй, витамин эрдсээр дутмаг хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой.
- Хөдөлгөөний идэвхгүй байх нь суурь хүчин зүйл болдог.
- Архи, тамхины хортой хэрэглээтэй холбоотой. Монгол Улсын насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Арван хүний нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Мөн гурван эрэгтэй тутмын нэг нь архи хэрэглэдэг учраас өндөр эрсдэлтэй гэж үзнэ.
- Стресс, бухимдал нөлөөлж байна.
- Удам зүйн нөлөөлөл бий.
Эдгээр муу дадал зуршлыг тооцож, эрсдэлийн үнэлгээгээ хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчнийг эрт оношилж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой.
Чихрийн шижингийн шинж тэмдэг:
- Илүүдэл жинтэй байсан хүмүүс маш богино хугацаанд хурдан турах нь чихрийн шижингийн анхны шинж тэмдэг.
- Ам цангах, шээс их хүрэх шинж илэрнэ. Ялангуяа шөнө шээс хүрнэ. Ийм шинж тэмдэг илэрч байвал сахараа үзүүлэх хэрэгтэй
- Өвчин хүндэрсэн үед хараа муудах, нүд бүрэлзэх, хөл, гар бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж өвчнөө оношлуулахыг зөвлөе.
0 cэтгэгдэлтэй