Л.Мөнхбаясгалан Сэтгүүлч Энэ бол маш чухал хууль.
Би өмнө нь Сингапур, Норвеги улсад очиж баялгийн сангийнх нь үйл ажиллагаатай танилцаж байсан. Норвегийн баялгийн хуваарилалт бол тун оновчтой. Байгалийн баялгийн орлого нь улсын төсөв рүүгээ ордоггүй. Тусад нь баялгийн сандаа татан төвлөрүүлж, ямар зүйлд зарцуулахаа тухайн жилдээ зарладаг.
Мөн иргэддээ хувь хүртээдэг. Бас нэг сонирхолтой зүйл нь баялгийн сангийн орлогоосоо дэлхийн уул уурхай компаниудаас хувьцаа худалдан авч сангийн орлогыг нэмэгдүүлдэг. Гэхдээ тэр нь таван хувиас хэтрэхгүй байх гэсэн өөрийн квоттой юм билээ. Тэгэхээр маш удаан яригдаж байж саяхан баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг би маш чухал хууль гэж харж байна. Норвегийн баялгийн сангийн зохицуулалттай нэлээд ойролцоо гэж ойлгосон.
Одоо бид хуулийн хэрэгжилт дээр анхаарах ёстой. Ард түмэнд ашиг хүртээдэг байх. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг шийддэг байх учиртай. Дээр нь нэмээд Баялгийн сангийн орлогоор Монгол Улс байгал, экологийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, говийн усгүй болчихлоо. Өмнөговийн Цогтцэций суманд гэхэд 400 метр ухаад ус гарч ирэхгүй байна. Өмнө нь говийг устай болгох “Хэрлэн тоонот” төслийг хэрэгжүүлэх талаар яригдаж байсан ч одоо хүртэл үр дүнтэй төсөл хөтөлбөр гэж алга.
Монгол Улс экологийн тэнцвэр алдагдсан есөн орны нэг. 2028 онд усгүй болох орны тоонд багтаж байна. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн орлогоо энэ мэтчилэн улс орны нэн чухал асуудлуудад зарцуулах ёстой гэж үзэж байна.
0 cэтгэгдэлтэй