Венесуэлийн цагаачид очсон улсынхаа эдийн засгийг өсгөдөг нь судалгаагаар батлагджээ

2024-02-28 160 0

Ядуу зүдүү амьдралын улмаас эх орноосоо дүрвэсэн Венесуэлийн иргэд очсон улс орныхоо эдийн засагт сайн нөлөө үзүүлж байгааг олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудын хоёр ч судалгаа харуулжээ.

Тухайлбал Венесуэлийн цагаачдын нөлөөгөөр тэдний ажиллаж, амьдарч буй Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засаг 2017-2030 оны хооронд жил бүр дунджаар 0.10-0.25 өсөх тооцоо гарсан байна.

Хэрвээ цагаачдад ажлын байраа түлхүү нээвэл үүнээс ч өндөр өсөлт гарч болохыг Дэлхийн Банк, Америк Хоорондын Хөгжлийн Банк, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD), НҮБ-ын Дүрвэгсдийн Байгууллага (UNHCR) нарын оролцсон судалгаануудад дүгнэжээ.

“Цагаачдыг хүлээж авах эдийн засагт ашигтай нь батлагдаж байна. Цагаачдыг хүлээж авсан орнуудын эдийн засаг сайжирдаг. Энэ бол ийм энгийн ойлголт” гэж Венесуэлийн цагаачдын нөлөөг судалсан Колумбын нийслэл Богота хотын Росариогийн их сургуулийн судлаач Ронал Родригез ярьж байна.

2014 оноос хойш Венесуэлээс бараг найман сая хүн гадаадад дүрвэсэн нь Сирийн дайны дүрвэгчдийн тоог давж, нийт Латин Америкийн түүхэнд гарсан хамгийн том хүн амын шилжилтэд тооцогдож байгаа.

Тэдний ихэнх нь Бразил, Чили, Колумб, Эквадор, Перу улсуудад цагаачилсан юм.

Цагаачид очсон улс орныхоо ажиллах хүчний хомсдолыг нөхөж, нутгийн иргэдийн зайлсхийдэг хүнд хэцүү ажлыг гүйцэтгэдэг.

Ингэснээр тухайн улс орны дотоодын хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, татварын орлого өсөж, нийлбэр дүнгээрээ эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа ажээ.

Зөвхөн Колумб улсад гурван сая хүн цагаачилж, тус улсын хөдөлмөрийн зах зээлийн хомсдолыг нөхсөн байна.

Өмнөд Америк тивийн орнуудын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад хамгийн бага байгаа.

Дэлхийн Банкны тайланд дурдсанаар 2023 онд энэ тивийн нийт эдийн засаг 2 хувиар өссөн юм.

Тиймээс Өмнөд Америкийн орнуудын эрх баригчид Венесуэлийн цагаачдыг өөрийн нийгэмд илүү сайн интеграцчилж, хөдөлмөрийн зах зээлдээ шингээж чадвал эдийн засгаа өсгөх боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

Хэдийгээр засгийн газар нь цагаачдыг ашиглахад анхаардаг ч тухайн улсын иргэдийн гадуурхах үзэл гол саад тээг болдог байна.

Тухайлбал Венесуэлийн цагаачдын голдуу залуус, эмэгтэйчүүдээс бүрдсэн 30 хувь ийм ялгаварлан гадуурхалтад өртдөгийг судалгаа харуулжээ.

“Ашиг тусыг нь хүртэхийн тулд цагаачдын эдийн засгийн оролцоог дэмжих тодорхой бодлого зайлшгүй шаардлагатай” гэж Дэлхийн Банк, НҮБ-ын Дүрвэгсдийн Байгууллагын хамтарсан судалгааны удирдагч Каролина Межиа Мантилла ярьж байна.

Венесуэлийн цагаачид очсон улс орныхоо зөвхөн эдийн засагт биш, нийгэм, соёлын амьдралд нөлөөлж буйг судлаачид бас онцолжээ.

“Венесуэлчүүд эдийн засгаас гадна нийгэм, соёлын олон өөрчлөлтийг авчирч байна. Тэд Колумбын уламжлалт хоол хүнсийг Европ маягийн амтаар сайжруулж, амьд хөгжмийн олон төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлж байна” гэж Родригез ярьжээ.

 

Холбоотой мэдээ