Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд адууны хашаа байдаг уу?

2024-02-27 142 0

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн/ҮЦХ/ адууны хашаатай гэх мэдээлэл гараад буй. Энэ нь ямар учиртайг тус хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулаас утсаар тодруулж, асуусан юм.

-Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хашаанд адууны хашаа байдаг уу, хэрэв байдаг бол ямар учиртай бол?

-ҮЦХ 2009 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 2005, 2006 оны үед иргэн А.Сүхбат уг газрыг өөр нэг иргэнээс худалдаж аваад хашаа, объект барьж, үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. 2009 онд ҮЦХ-гийн 973 га газрыг тасдаж авч, хашаалаад газрын гэрчилгээ гарч манай хүрээлэнгийн үйл ажиллагаа эхэлсэн.

2021 онд иргэн А.Сүхбат газраа хэрхэх талаар ярилцаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. Ингээд бүх шатны шүүхээс ҮЦХ ялалт байгуулж, 973 га газраа тухайн иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүй, дотор нь байгаа хашаа, байгууламжийг буулгах шийдвэр гарсан. Одоо ШШГЕГ-ын ажлыг хүлээж байна. ҮЦХ-гийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх саналыг байнга хүргүүлж байгаа. Учир нь энэ газарт 12 төрлийн олон улсын цэцэрлэг байгуулах, гадаадад амьдардаг монголчуудын төгөл байгуулахаар мод тарьж эхэлсэн хэсэг.

Адуу байгаагийн тухайд цэцэрлэгт хүрээлэнгийн өвлийн улиралд бэрхшээлтэй зүйл нь адуу орж ирэх. Хүрээлэнгийн урд хэсгээр буюу Туул голын эрэг талд хашаагүй, өвс сайтай болохоор адуу ороод ирдэг. Адуучид мөн оруулдаг. Нэг шөнөд 2-5 адуу байнгын орж ирнэ. Туугаад гаргасан ч буцаад ороод ирдэг юм.

Нялх мод, ногоон байгууламжаа сүйтгүүлэхгүйн тулд одоо буулгах шүүхийн шийдвэр гарсан хашаанд түр хийж байгаад Экологийн, хорооны цагдаагийн алба болон эзэнд нь хүлээлгэж өгдөг. Энэ явдал сүүлийн таван жил үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу хариуцлага тооцдог. Манай зүгээс байнга адуугаа оруулдаг адуучидтай уулзаж, ам өчгийг авч ойлголцдог.

-Шүүхийн шийдвэрийн дагуу газраа аваад хашаа, байгууламжийг буулгасан хойно адуу орж ирээд байвал яах вэ?

-НИТХ-ын хурлаас энэ асуудлаар тогтоол гарсан. Уг тогтоолоор тодорхой нэг цэг байгуулж, ҮЦХ-гийн хашаанд адуу орж ирсэн тохиолдолд хашна. Малын эзэн авахдаа торгууль төлж, хариуцлага хүлээх зохицуулалттай болно. Энэ тохиолдолд иргэд адуу, малаа суурьшлын бүс рүү оруулахгүй байх арга хэмжээг авах байх. НИТХ-ын тогтоолыг яаралтай албажуулах шаардлагыг Хууль зүйн яаманд тавья гэдгийг Хотын дарга өнөөдөр нийслэлийн шуурхай хурал дээр хэлсэн.

ҮЦХ-гийн зүгээс адуунд зориулж хашаа барих төсөв болон зохион байгуулалт байхгүй. Цэцэрлэгт хүрээлэн мод тарьдаг газар болохоос адуу хашдаг газар биш.

Холбоотой мэдээ