А.Оюунгэрэл: 50 саяас үнэтэй машинтай мөргөлдөж хохироосон бол арай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан заалтыг хүчингүй болгосон

2024-02-02 307 0

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оноох хариуцлагыг заасан байдаг. Энэ бүлгийн автомашины жолооч нартай холбоотой зүйл заалтад ямар нэмэлт, өөрчлөлт орсон бэ?

-“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан байдаг. Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулж, зарим нэр томьёог хэрхэн ойлгох талаар тодорхой тайлбарласан. Мөн хүний эрхийн зарчмыг хангахтай холбоотой чухал өөрчлөлт орсон.

-Хүний эрхийг хангахтай холбоотой ямар өөрчлөлт орсныг тодруулахгүй юү?

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг хүчингүй болгосон. Уг заалтад жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулахаас гадна их хэмжээний буюу 50 саяас дээш төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр зохицуулсан байсан юм.

Жишээ нь жолооч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 50 саяас бага үнэтэй автомашинтай мөргөлдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар, харин 50 саяас үнэтэй машинтай мөргөлдвөл 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар арай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг байсан гэж ойлгож болно. Уг заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байсан учраас хүчингүй болгожээ.

-Хуульд ямар нэр томьёог тодорхой болгож тайлбарлав?

-Өмнө нь хуулийн энэ хэсгийг хэрэглэхэд хуульчдад эргэлзээ үүсгэдэг байсан “тээврийн хэрэгсэл”, “тээврийн хэрэгслийн жолооч”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг тодорхой тайлбарласан. Мөн “согтуурсан хүн” гэдгийг хэрхэн ойлгох талаар тодорхой болгожээ.

Тодруулбал хүний амьсгал дахь спиртийн агууламж 0.2, цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш хувь илэрснийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тодорхой тусгаж өгсөн.

-Осол гаргаад хэргийн газраас зугтдаг, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон атлаа хөнгөн ял шийтгүүлж байсан нь нийгэмд бухимдал төрүүлж байсан шүү дээ. Харин энэ нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хариуцлагыг чангаруулсан. Хэрхэн чангаруулсан юм бол?

-Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноодог байсан.

Харин одоо бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар болсон. Харин нийтэд тустай ажил хийлгэх ялд нь өөрчлөлт ороогүй.

Өмнө нь энэ гэмт хэргийг согтуугаар болон жолооны эрхгүй хүн үйлдсэн, хүний биед хүнд хохирол учруулсан тохиолдолд жолооны эрхийг 1-3 жилээр хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарладаг байсан. Тэгвэл  жолоодох эрхийг хасах хугацааг 3-5 жил, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1-3 жил болгон нэмсэн байгаа. Мөн хорих ялын төрлийг нэмж, 1-3 жил хорих ял оноож болохоор заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдолд өмнө нь жолооны эрхийг 3-5 жил хасаж, зорчих эрхийг 1-5 жил хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оноодог байсан бол жолооны эрх хасах хугацааг нэмж 5-8 жил болгосон.

Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ автомашин жолоодож хүний амийг хохироосон, эсхүл хоёроос олон хүний амийг хохироосон тохиолдолд жолооны эрхийг 5-8 жилээр хасаж, 2-8 жил хорих ял оноодог байсан юм. Үүнийг өөрчилж одоо жолооны эрх хасах хугацааг 8-12 жил болгож нэмжээ.

-Согтуу жолооч дахин зөрчил гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон биз дээ.

-Тиймээ. Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан, эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооны эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ зохицуулалт нэмэгдсэн.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр болсныг иргэд анхаарах хэрэгтэй.

 

Эх сурвалж: УПЕГ

Холбоотой мэдээ