Сүүлийн жилүүдэд усны нөөцтэй байх өндөр магадлалтай гэгддэг сарны өмнөд туйл олон улсын өрсөлдөөний талбар болоод байгаа.
Өнгөрсөн онд Энэтхэгийн Чандраяан-3 станц анх удаа дэлхийн дагуулын энэ хэсэгт амжилттай буусан. Үүнээс хэдхэн өдрийн өмнө Оросын Луна-25 станц бууж чадалгүй осолдсон билээ.
NASA сарны энэ хэсэгт 2026 онд Artemis III хөлгөө сансрын нисгэгчдийн хамт буулгахаар төлөвлөж байгаа. Хятад улс ч бас сарны өмнөд туйлд хүрэхийг зорьж байна.
Тэгвэл NASA-гийн захиалгаар хэрэгжүүлсэн судалгааны үр дүн сарны өмнөд туйл хүмүүсийг суурьшихад тийм ч таатай газар биш байж болзошгүйг тогтоожээ.
Тухайлбал сарны цөм хөрж, агшиж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр сарны гадаргуу хатсан жимс мэт хорчийж буйг энэ судалгаа тогтоосон байна.
Үр дүнд нь сарны “газар хөдлөлт”, хөрсний хагарал зэрэг үзэгдлүүд олон цагаар үргэлжилдэг болох ирээдүй харагдаж байгаа ажээ. Ийм үзэгдэлд хамгийн өртөмхий хэсэг сарны өмнөд туйл байх магадлалтай нь харагдсан байна.
“Энэ бол сарны өмнөд туйлыг судлах хүмүүсийг айлгаж түгшээх, эсвэл урам зоригийг нь мохоох дүгнэлт биш. Харин сар бол юу ч тохиолддоггүй сайхан газар биш гэдгийг сануулах зорилготой” гэж судалгааг ахалсан АНУ-ын Дэлхий, Гараг Эрхэс Судлалын Үндэсний Төвийн эрдэмтэн Томас Уоттерс тайлбарлажээ.
Сар сүүлийн хэдэн сая жилийн хугацаанд тойргоороо 45 метр орчим хэмжээгээр агшсан юм байна.
Үүний дэлхийд үзүүлэх нөлөө бараг байхгүй бол тухайн биетийн өөрийнх нь геологийн хувьд том тоо юм.
“Сарны цөмийн гаднах хайлмаг хөрж байна. Хөрөх тусам сарны хэмжээ багасаж, дотоод эзлэхүүн өөрчлөгдөж, энэ өөрчлөлтөд гадаргуу царцдас нь дасан зохицох ёстой болж байна. Сарыг хэдэн тэрбум жилийн турш огт өөрчлөгдөөгүй, геологийн хувьд үхмэл биет гэж үзэх нь үнэнтэй нийцэхгүй болжээ” гэж Уоттерс ярьсан байна.
Сарны гадаргуу маш хэврэг байдаг бөгөөд агшилтын улмаас үүссэн хагарлуудыг Уоттерсын багийнхан Lunar Reconnaisance Orbiter (LRO) станцаас илрүүлжээ.
“Хагарлууд маш залуу бөгөөд одоо ч үргэлжлэн үүсэж байна” гэж Уоттерс хэлсэн юм.
LRO станцыг NASA 2009 онд сарны гадаргууг тойрог замаас нь ажиглахаар хөөргөж байжээ.
Уоттерсын баг LRO станцын цуглуулсан мэдээллийг боловсруулснаа өнгөрсөн долоо хоногт “The Planetary Science Journal” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Тэд 50 гаруй жилийн өмнө Аполло багийнхны саран дээр үлдээсэн багажны тусламжтай сарны “газар хөдлөлт”-үүдийг хэмжжээ. Ингэхэд сарны өмнөд туйлд хүчтэй чичиргээнүүд олон удаа бүртгэгдсэн байна.
Хамгийн хүчтэй чичиргээ нь дэлхий дээр 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй дүйцэх хэмжээтэй байжээ.
Гэхдээ энэ нь сарны татах хүч багатай орчинд илүү өндөр эрсдэлтэй болдог юм байна.
“Дэлхий дээр бид хүчтэй татах хүчний нөлөөгөөр гадаргууд сайн бэхлэгдэж, доргилтыг бага мэдэрдэг. Харин саран дээр бол энэ нь зогсож байгаа хүнийг авч шидэх хэмжээний хүч юм” гэж Уоттерс тайлбарлажээ.
NASA одоогоор сарны 13 хэсэг газрыг Arthemis хөлгийн буух боломжтой цэгээр сонгоод байгаа. Тэдгээрийн нэг нь өмнөд туйл юм. Гэхдээ сарны гадаргын чичиргээ богино хугацаанд саатах сансрын нисгэгчдэд эрсдэлгүй гэж NASA үзэж байна. Харин урт хугацаагаар суурьших бол буух газрыг сонгохдоо геологийн хүчин зүйлийг анхаарах шаардлагатай гэж тус байгууллагын судлаач Рене Вебер ярьжээ.
“Хүчтэй чичиргээ ойрхон давтамжтай тохиолдохгүй тул богино хугацаагаар саатах хүмүүст эрсдэл бага” гэж тэр ярьсан байна.
Ойрын жилүүдэд NASA саран дээр сансрын нисгэгчдийг тийм удаан суулгах төлөвлөгөөгүй байгаа.
Тухайлбал Arthemis аяллын багийн хоёр сансрын нисгэгч хамгийн уртдаа нэг долоо хоногийг саран дээр өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна.
“Хүмүүсийг саран дээр байх үед хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал маш бага. Гэхдээ энэ үзэгдлийн эх үүсвэрийг олж тогтоосон нь сайн хэрэг. Бид дэлхийг судалдаг шигээ сарыг ч бас сайн судлах ёстой. Тиймээс энэ судалгааны үр дүн бидний цаашдын ажилд чухал хэрэгтэй. Алсдаа саран дээр удаан хугацаагаар суурьших цаг ирэхэд бид хангалттай мэдлэгтэй болсон байх ёстой юм” гэж дээрх судалгаанд оролцоогүй Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн геофизикийн профессор Аллен Хаскер тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
0 cэтгэгдэлтэй