Газар тариалан, мал аж ахуйд суурилсан амьдралд шилжихээсээ өмнө эртний хүмүүс анчин-түүвэрлэгчид байсан гэж эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл ан амьтан намнаж, жимс, ургамал түүж хүнсний хэрэгцээгээ хангадаг байсан гэсэн үг.
Энэ үедээ хүмүүс хүнсэндээ голдуу мах хэрэглэдэг байсан гэх ойлголт өнөөдөр түгээмэл байдаг.
Тэгвэл Перу улсын Андын нуруунаас эртний хүмүүсийн олдворыг шинжилсэн археологичид энэ уламжлалт ойлголтыг эвдэх баримт илрүүлжээ.
Тухайлбал одоогоос 9,000-6,500 жилийн хооронд амьдарч байсан 24 хүний хоёр хэсэг булшийг малтаж, судлахад тэдгээрийн хоол хүнсний дийлэнх хэсэг зэрлэг төмс болон бусад үндсэрхэг ургамлуудаас бүрдэж байсан байна.
“Эртний хүмүүсийн хоол хүнс ан агнуурт үндэслэдэг байсан гэх уламжлалт ойлголт байдаг. Энэ ойлголтын улмаас уураг ихтэй (палео) хоолны дэглэмийг эрүүл гэж үзэх үзэл нэмэгдсэн. Бидний судалгаанаас харвал эртний хүмүүсийн хоолны бүтцийн 80 хувь нь ургамлын, 20 хувь нь махны гаралтай байжээ” гэж дээрх ажлыг ахалсан АНУ-ын Вайомингийн их сургуулийн археологич, доктор Рэнди Хаас ярьжээ.
Түүний ахалсан баг булшнуудаас олдсон хүмүүсийн ясыг задлан шинжилж, орон нутгийн амьтан, ургамалд агуулагддаг химийн бодисуудын бүтэцтэй харьцуулан судалсан байна.
Археологичид эдгээр булшны ойролцоо газраас бас гал дээр шарж түлсэн ургамлын үлдэгдэл илрүүлжээ.
Ингээд Андын нуруунд амьдарч байсан эртний хүмүүсийн хоол хүнсний дийлэнх хэсгийг зэрлэг төмс бүрдүүлж байсан гэж дүгнэсэн байна. Махны хувьд голдуу буга, лам гөрөөс зэрэг том биетэй хөхтөн амьтны махыг хүнсэндээ хэрэглэж байжээ. “Хэрвээ энэ судалгаанаас өмнө та надаас асуусан бол би эртний хүмүүсийн хоол хүнсний 80 хувь мах байсан гэх таамгийг хэлэх байлаа. Эртний хүмүүсийн хоол хүнсэнд мах давамгайлж байсан гэх ойлголт нэлээд өргөн хүрээнд тархсан байдаг” гэж доктор Хаас ярьж байна.
Агнасан амьтны яс, агнуурын чулуун зэвсэг зэрэг эд зүйлс ургамлаас илүү сайн хадгалагдаж үлддэг нь ийм ойлголтод хүргэсэн байж болзошгүй гэнэ.
Мөн эртний хүмүүсийн дүр төрхийг “хүч чадалтай агуйн хүн”-ээр төсөөлдөг Өрнөдийн соёл үүнд нөлөөлсөн гэж Хаас үзэж байна.
Судалгааны тайлан шинжлэх ухааны PLOS One сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian
0 cэтгэгдэлтэй