О.Номинчимэг: Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг

2024-01-17 206 0

“Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн: Хүн амын эрүүл мэнд” сэдэвт олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгуулав.

Энэ үеэр “Улаанбаатар хотод 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглох бодлогын арга хэмжээ” сэдэвт илтгэлийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед манай улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байна.

2021 оны байдлаар 2.3 сая ширхэг электрон тамхийг импортоор оруулж иржээ.

Vape-ийн хэрэглээнд хууль, эрх зүйн орчин байхгүйгээс хүнсний зургаан нэрийн бараа, дэлгүүрт яг л талх, сүүтэй адил борлуулагддаг болоод удаж байна.

Хүүхдүүдийн сонирхлыг татах сав баглаа боодолтой, янз бүрийн жимсний амттай. Гэвч дотор нь агуулагдах никотин хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэй, донтуулах эрсдэлтэй байдаг.

Электрон тамхи нь янз бүрийн синтетик бодис агуулдаг тул уушгинд гэмтэл үүсгэдэг гэх олон улсын судалгаа бий. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжид Vape тамхины зохицуулалт тодорхой тусгагдаагүй” гэлээ.

Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг.

Электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл:

  • Хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндэд эрсдэлтэй.
  • Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг.
  • Хүний тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул хүүхдийн тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, никотины донтолтод хүргэх эрсдэлтэй.
  • Зүрх судас болон уушгины эмгэг үүсгэдэг.

“Африк, Монгол, Пакистан улс орнууд электрон тамхины зохицуулалтгүй”

Дэлхийн 111 орон электрон тамхины зохицуулалттай байна. Үүнээс 32 орон бүр мөсөн худалдан борлуулахыг хоригложээ. Харин 79 улс орон утаат тамхитай адилтган хуулийн зохицуулалт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нэмж хэллээ.

Герман улсын жишиг:  Электрон тамхи никотинтой, никотингүй гэж хоёр янз бий. Никотингүй электрон тамхийг ч Тамхины бүтээгдэхүүнийхээ хуульд оруулан тодорхой зохицуулалт хэрэгжүүлж байна.

Австрали улсын жишиг: Электрон тамхийг үе шаттай хязгаарлаж, дотооддоо үйлдвэрлэхийг хориглосон шийдвэр гаргаж байгаа.

Хятад улсын жишиг: Хятад улсын хүүхэд, залуус электрон тамхийг их хэрэглэж байсан тул янз бүрийн амтыг нь болиулж, зөвхөн тамхины амттай Vape байх боломжтой гэж үзсэн.

Англи улсын жишиг: Электрон тамхийг янжуур тамхинаас гарах үр дүнтэй хэрэгсэл байж магадгүй гэж таамагласан. Гэвч сүүлийн гурван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээ нь гурав дахин ихэссэн юм байна.

Улмаар электрон тамхины зохицуулалтаа эргэн хараад залуу, өсвөр насныхны хэрэглээг багасгах үүднээс амтыг нь хязгаарлах болон бусад чиглэлээр бодлогын судалгаа хийсэн.

Дээрх дүр зургаас харвал Африкийн орнууд, Монгол, Пакистан, Колумбт электрон тамхины зохицуулалт хийхгүй байна гэлээ.

“Сурагчид ангидаа суугаад Vape татах нь бараг хэвийн үзэгдэл болж байна”

Энэ талаар “Бид боловсролын байгууллагуудаас түүвэр судалгаа авахад 9,000 гаруй сурагч электрон тамхи хэрэглэдэг гэж асуумжид хариулсан. Гэхдээ энэ бол бодит тоо биш, хамаагүй илүү байгаа.

Долдугаар ангийн сурагчдад хичээл заадаг багш электрон тамхины талаар санал бодлоо хэлсэн удаатай. Шүүгээгээ онгойлгоод 10 гаруй Vape хурааж авснаа надад харуулж байсан.

“Хүүхдүүд ангидаа суугаад л Vape татах нь бараг хэвийн үзэгдэл мэт болж байна. Өдөрт хэд хэдэн электрон тамхи хурааж авч байгаа. Үүнд зохицуулалт хийх шаардлага үүсэж байна” гэж санал бодлоо илэрхийлсэн.

Монгол Улсад өсвөр насныхан электрон тамхийг яагаад их хэрэглээд байна вэ? гэхээр олонд нэртэй инфлүэнсерүүд нөлөөлж байна. Vape татаж буй зураг, бичлэгийг нь үзээд “гоё юм байна” гэдэг мэдрэмж авч байгаа учраас хүүхдүүд маань татагдаад сонирхоод байх шиг.

Электрон тамхины зар сурталчилгаа, далд маркетинг, ивээн тэтгэх үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж буй 23 улс бий.

Хүүхэд залуус хордож, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үүсээд байгаа энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хуульд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, зохицуулалтаа тодорхой болгох шаардлага үүсэж байгаа” хэмээн онцолж байлаа.

Холбоотой мэдээ