Японы хойд эрэгт мянга гаруй тонн загас үхсэний учрыг судлаачид тайлбарлав

2023-12-14 208 0

Өнгөрсөн долоо хоногт Японы хамгийн хойд захын Хоккайдо арлын нэг эрэгт мянга орчим тонн сардин, макерел загас үхсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ үзэгдлийн учрыг далай тэнгисийн биологичид хоёр хувилбараар тайлбарлажээ.

Загаснууд олноороо үхэх болсон шалтгааны нэг хувилбарыг хүчилтөрөгчийн дутагдал гэж дүгнэсэн байна. Нөгөө нэг хувилбар нь загаснууд сүрэглэн нүүдэллэх замдаа гэнэтийн их хүйтэн усны урсгалтай таарснаас хүч алдан эрэгт хаягдсан байх боломжтой гэжээ.

Ямартай ч далайн ус бохирдсоноос болж загаснууд үхсэн байх вий гэсэн хүмүүсийн айдсыг энэ дүгнэлт намжааж байна.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Хоккайдо арлын Хакодате орчмын 1.5 км урт үргэлжилсэн эрэг үхсэн загаснуудаар хучигдсан юм.

Орон нутгийн эрх баригчид үхсэн загасны хэмжээг хамгийн багадаа нэг мянган тонн гэж мэдээлж байв.

Судлаачдын тайлбарласан эхний хувилбараар том махчин загаснуудад хөөгдсөн сардин, макерел загаснууд эргийн гүехэн усанд олноор хашигдаж, тэр хэсгийн хүчилтөрөгч богино хугацаанд шавхагдсанаас үхсэн байх боломжтой гэнэ.

Токиогийн их сургуулийн байгаль орчин судлаач Кэвин Шорт “Жилийн энэ үед сардин, макерел загасны томоохон сүргүүд Хоккайдогийн эргээс өмнө зүгт нүүдэллэдэг. Энэ үеэр далайн гахай, туна зэрэг том махчин загаснуудын идэш болох явдал түгээмэл. Загаснууд энэ гүехэн устай, хагас саран хэлбэрийн буланд хашигдсанаар хүчилтөрөгчийг маш богино хугацаанд хэрэглэж дуусгасан бололтой” гэж тайлбарласан байна.

Тэрбээр ийм үзэгдэл өмнө нь ажиглагдаж байсан ч энэ удаагийнх шиг “ер бусын” олон загас үхэж байгаагүйг хэлжээ.

Гэхдээ Токиогийн булан, Хоншю болон Шикоку арлуудын дундах дотоод тэнгист ажиглагдсан өмнөх ижил төстэй үзэгдлүүдэд “улаан түрлэг” гэгддэг нэг төрлийн замаг давхар нөлөөлсөн гэж дүгнэж байжээ.

Өмнөх тохиолдолд замгууд эрэг орчмын усны ёроолд шилжихдээ усан дахь ихэнх хүчилтөрөгчийг хэрэглэсэн тул загаснуудыг үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн байна.

Үхлийн шалтгаан тодорхой болоогүй байхад тул орон нутгийн эрх баригчид загаснуудыг хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг иргэдэд анхааруулж байв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эргийг цэвэрлэж эхэлсэн юм.

Харин дүгнэлт гаргасан судлаачид загаснуудыг хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэж үзэж байна. Гэхдээ яаравчлахгүй бол наранд удаан байсан загаснууд хурдан муудахыг анхааруулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ