Улсын Их Хурал(УИХ)-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлэг хийж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах заалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Төслийн 3.2 дахь заалтыг хасах гэдэг нь Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах чиглэлээр Засгийн газраас өгсөн заалтыг УИХ дахь манай намын бүлгийн саналын дагуу хасах санал хураалт юм.
Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан, тэр дотроо хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг яллах гэсэн ямар ч санаархал байхгүй. Тус зүйл заалт нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд огт хамаагүй заалт байсан. Үүнд улс төр хийж, санаатай мушгисан.
Монгол Улсад сүүлийн 100 жилийн хугацаанд үйлчилж байгаа эрүүгийн гэмт хэргийн заалт, шинэ зүйл биш. Тиймээс тус заалтыг хассанаар иргэдийн мэдэх эрх сэргэж, сэтгүүлчдэд хариуцлага тооцохоо болих зүйл огт байхгүй. Угаасаа энэ үйлдэл гэмт хэрэг байсан, цаашдаа ч байсаар л байна.
Засгийн газраас мөрдөн шалгах үйл ажиллагааны арга тактикийн нууцыг задруулдаг хуулийн байгууллагын сүлжээ, шантааж хийх, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж, онц хэмжээний мөнгө угааж буйг таслан зогсоох санал ирүүлсэн. Би хэлдэг биш хийдэг сайд байна гэдгээ эрт илэрхийлсэн.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Герман, Франц зэрэг орны хууль тогтоомжид таван жилийн хорих ялаар шийтгэдэг. Манай улсад торгох ялтай байсныг болиулах санаачилга гарсан. Иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн заалт биш. Мөрдөн шалгах ажиллагааны аргын нууцлал алдагдаад байгаа” хэмээн тайлбарлав.
Тус заалтыг хасахыг дэмжих ажлын хэсгийн томьёолоор санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүнээс долоо нь дэмжиж, долоо нь татгалзав.
Санал хураалт дууссаны дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Ажлын хэсгийн дүгнэлт нь зөв. Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалж байгаа хүмүүс ял хүлээдэг. Ажлын хэсгийн саналыг гурван удаа санал хураалт явуулж болно. Тиймээс дахин саналт хураалт явуулж өгнө үү” гэв.
Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд авах арга хэмжээг чангаруулах заалт нь байнгын хорооны хуралдаан дээр эргээд сэргэж байна. Гишүүд УИХ дээр саналаа хэлж болно, дахин санал хураалт явуулахгүй” хэмээн ярив.
Ингэснээр Засгийн газраас өргөн барьсан “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” тухай заалтыг хасах Ажлын хэсгийн санал Хууль зүйн байнгын хороон дээр дэмжигдсэнгүй.
0 cэтгэгдэлтэй