Сэлэнгэ аймаг хиймэл оюун ухаанд суурилсан “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” хөтөлбөрийн шинэчилсэн төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, батлагдсан хуваарийн дагуу энэ сарын 6-наас Алтанбулаг суманд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хоёр өдрийн турш зохион байгуулав.
Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдаанаар “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөг баталж, улмаар зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтай шинэ технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болсон.
Зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөл болох ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины соривжилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байгаа юм.
Манай улсад уг технологийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Интермед болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд суурин рентгений тусламжтай ашиглаж байгаа бол Сэлэнгэ аймаг орон нутагт зөөврийн дижитал рентген аппаратыг нэвтрүүлсэн анхдагч болж байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас цаашид 17 сум, зургаан тосгонд хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулахаар төлөвлөжээ.
0 cэтгэгдэлтэй