Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум өнөөдөр Гадаад Харилцааны Яамны байранд болж байна.
Форумын онцлох нэг сэдэв нь албан ба албан бус боловсролын бодлого, хөтөлбөр, хэрэгцээ шаардлагын тухай байв.
Энэ үеэр сургалтыг хөтөлбөрийг шинэчлэхэд онцгой анхаарах хэрэгтэй талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цохон тэмдэглэсэн. Мөн Иргэний боловсролын хичээлд цахим болон хэвлэл мэдээллийн боловсролын сэдвийг оруулж, шүүн тунгаах сэтгэлгээтэй иргэн бэлдэх нь чухал байгааг тодотгож байлаа.
“Бүх нийтийн боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг “Хэвлэл мэдээлэл, цахим боловсролыг хичээл, хичээлийн агуулгад оруулах нь хангалтгүй байгаа, хүүхдэд цогц мэдлэг өгч чадахгүй.
Ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол гэдэг хичээл орох ёстой. Үүнд нь цахим боловсрол, хэвлэл мэдээллийн боловсролыг судлагдахуун сэдэв болгоод явах нь зөв. Гэтэл манайх иргэнээ бэлддэг гол хичээл болох Иргэний боловсролын оронд Иргэний ёс зүй гэж шашны агуулгатай хичээлийг үзэх болсон.
Мөн сурагчдад шүүн тунгаах сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал.
Хэн нэгэн даргын хэлсэн үгийг сонсоод асуудаг, мэтгэлцдэг иргэнийг бэлдэхэд энэ тун чухал. Ойрын жишээ гэхэд социализмын үед зурагтаар гарсан, сонинд бичигдсэн зүйл бүхэнд итгэдэг байсан. Харин бид дараагийн үеэ зурагтаар гарсан, фэйсбүүк дээр бичсэн бүхэнд итгэдэг болгож бэлдмээргүй байна” хэмээв.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал Б.Батжаргал “Цаг үеэ дагаад цахим, хэвлэл мэдээллийн гээд олон төрлийн бичиг үсэгт тайлагдах шаардлага гарч байна. Үүнийг хамгийн түрүүнд түгээх нь багш нар гэж үзэн тэдэнд чиглэсэн сургалтууд явуулж байгаа.
Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Энэ нь мэдээлэл цуглуулах, залан шинжлэх, шинэ мэдлэг үүсгэх гээд гурван үе шаттай.
9 дүгээр ангийн биологи, англи хэл хичээлийн суралцахуйн зорилтыг судалж үзэхэд шүүмжлэлт сэтгэлгээтэй холбоотой суралцахуйн зорилт маш цөөн байна. Ерөнхийдөө мэдлэг, мэдээлэл олж авах буюу эхний үе шат дээр л байна. Доод эрэмбийн үйл явц гэсэн үг.
Манай сургалтын тогтолцоонд дээд түвшний буюу задлан шинжлэх, түүндээ тулгуурлан шинэ мэдлэг бүтээх нь бараг алга.
Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд тал бүрийн байр суурь, үзэл санааг харгалзаж маш нухацтай хандах ёстой. Түүнчлэн сургууль бол ардчилсан нийгмийн загвар гэдэг. Зөвхөн хичээл сургалтаар олгох нь хязгаарлагдмал байгаа бол ардчилсан нийгэмд амьдрах нийгэмдээ дуу хоолойгоо хүргэдэг, оролцоотой иргэнийг бэлдэхдээ сургуулийн орчны үйл ажиллагаагаар дамжуулан сургаж болдог. Сургуулийн дүрэм гаргах, сурагчдын төлөөллийн байгууллага гэх мэтэд анхаарах нь зүйтэй байна.
Сургалт нь зөвхөн анги танхимаар хязгаарлагдахгүйгээр үргэлжлэх ёстойг ойлгож хэрэгтэй” хэмээв.
0 cэтгэгдэлтэй