Б.Мөнхцэцэг: Цас цэвэрлэх зориулалттай 12 машин байдаг. Парк шинэчлэл хийгдээгүй, хуучин машинуудаа ашиглаж байна

2023-11-07 218 0

Нийтийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх зориулалттай машин техник, хэрэгслийн хангамж хүрэлцээний талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Урд талдаа цас хусах тусгай зориулалтын нэмэлт тоноглолтой, бодис цацдаг 12 машин бий.

Эдгээр нь 2013 онд орж ирсэн Оросын Камаз үйлдвэрийн машинууд бөгөөд зуны улиралд тэвшийг нь сольж, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд давхар ашигладаг.

Харин өвлийн улиралд давс, бодис цацах зориулалттай тэвшийг байрлуулж, дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулж байна. Байнгын тасралтгүй ажиллуулж байгаа учраас нэмэлт сэлбэг хэрэгсэл хэрэгтэй. Гэвч Оросоос энэхүү машины сэлбэг хэрэгсэл орж ирэх нь тун ховор байна. Цас цэвэрлэгээний машинд парк шинэчлэл хийгдээгүй олон жил болж байгаа.

Миний мэдэхийн 2020 оноос хойш цасны машины парк шинэчлэл хийгдээгүй, хуучнуудыг ашиглаж байна.

Замын бродюрын хажууд тогтсон цасыг шөнө ачдаг. Өдрийн цагаар цасыг нь цэвэрлэх нөхцөл тааруу. Замын хөдөлгөөнд саад болдог учраас бродюр дагуу үүссэн цасыг шөнө ачиж байна. Үүнийг ачих зургаан задгай машин явж байгаа.

Ачсан цасыг хогийн цэг рүү тээвэрлэж, хаядаг. Өчигдрийн байдлаар 10 гаруй машин шөнө задгай цас ачилтад ажиллалаа.

Хагас сайн өдөр цас орсноос хойш манайхан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийг бодвол нэлээд их хэмжээний цас орсон. Одоогийн байдлаар явган хүний замыг 80 хувьтай цэвэрлэж байна. Замын бродюрын дагуу үүссэн цасыг цэвэрлэж, ачих ажил 30, 40 хувьтай үргэлжилж байгаа” гэлээ.

“ААН-үүд гадна орчныхоо талбайн цасыг цэвэрлэхийг уриалж байна”

Үргэлжлүүлэн “ААН-үүд гадна орчныхоо талбайн цасыг цэвэрлэхийг уриалж байна. Энэ нь хот, нийтийн аж ахуйн салбарын явган замын цэвэрлэгээнд нэлээд дэм болох юм.

Явган хүний замын цасыг зориулалтын машинаар цэвэрлэдэггүй бөгөөд гол төлөв гар ажиллагаатай хүрз, цохиур ашиглаж цэвэрлэж байгаа.

Түүнчлэн нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээтэй иргэдийн бүлэг ажиллаж байна. Өчигдөр төв зам дагуу 20 гаруй хүн гарч, ажилласан.

Өнөөдөр ч иргэдийн бүлэг ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Ус сувгийн удирдах газрын 10 гаруй хүн төв зам дагуу явган хүний зам цэвэрлэлээ. Орон сууц, нийтийн аж ахуйн газрын 100 гаруй ажилчин өчигдөр явган зам цэвэрлэсэн.

Хот тохижилтын газар маань нийт 450 гаруй ажилчинтай. Үүнээс нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 180 гаруй хүн ажиллаж байгаа” хэмээв.

Холбоотой мэдээ