Н.Учрал: Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй

2023-11-06 200 0

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Монгол шуудан, Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын төлөөллүүд хаягжилтын асуудлыг шийдсэн талаараа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал “What3Words” аппликэйшний туршилтын хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2,059 айлыг хаягжуулсан тухай хэлсэн юм.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ “Ертөнцийн зүгээр хаягаа заадаг ийм улс бараг дэлхийд үлдсэнгүй.

Яармагийн тэд дүгээр гудамж гэдгийг “Ертөнцийн зүгээр баруун эргээд нэг худаг байгаа түүнийг өнгөрөөд ирээрэй” л гэж зааж байна. Иймээс хаягжилтын хуулийг батлахаар Барилга, Хот Байгуулалтын Яам болон ЦХХХЯ хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар хаягжилтын асуудлыг шийдэхээр хичээж ирсэн. Гэвч эмх замбараагүй байснаас үүдэн хүмүүс төдийлөн хаягаа мэддэггүй байсан.

Жишээ нь газар нэгжийн талбарын хаяг, шуудангийн хаяг, тухайн объектод нь дахиад тусдаа нэг хаяг байдаг. Ялангуяа гэр хорооллын хаягуудыг тодорхой болгохгүй бол үнэхээр хугацаа тулсан ажил болчихлоо.

Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Яаралтай үед цагдаа, онцгойд өөрийнхөө гэрийн хаягийг зааж өгөх гэтэл тодорхой хэлж чаддаггүй.

Үүнийг оновчтой хэлж чаддаггүйгээс болоод хаягийнх нь байршлаар яаралтай тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учраас Ekids дээр “What3Words” аппликэйшнийг байршуулснаар илүү оновчтой зохицуулалттай болсон.

Тухайлбал та бүхний харж байгаа гурван үг буюу “Саальчин. Түүхт. Хүчээр” гэдгийг илгээхэд шууд Google-тэй холбогдоод энэ айлын гадаа ирэх боломжтой гэсэн үг. Өнөөдөр би энэ гурван үгийг хийгээд л Төрийн ордноос энд ирлээ.

Бид цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшицгээе. Үүний тулд E-Mongolia системийн Ekids дээр цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн” гэв.

Холбоотой мэдээ